МУ-ын Тод манлай уяач Ц.Хэнмэдэх: Яваандаа морио хайрлаад дараагийн наадам бий шүү дээ гээд уужирдаг болчихдог юм
Унаган адуугаараа наадан улсын тэр тусмаа дээд цолонд хүрсэн хийморилог нэгэн бол Монгол улсын Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх юм. 1938 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Ногоон довын Бор-Өндөр хэмээх газар Манзушир хутагтын дууч Цэрэнгийн тав дахь хүү болон мэндэлсэн тэрээр 1960-аад оноос уяа эвлүүлэх болсон гэдэг. Дунд сургууль дүүргэн, тэр үеийн намын сургуулийг төгссөн Ц.Хэнмэдэх 1998 онд МУ-ын Алдарт уяач, 2004 онд Манлай уяач, 2009 онд Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм. Түүнчлэн халуун хошуут малаа адгуулан таван мянгад хүргэж анхны улсын сайн малчнаар шалгарч байсан удаатай. Ц.Хэнмэдэх малынхаа тоо толгойг тогтмол өсгөж, монгол улсын хамгийн олон малтай малчнаар хэд хэдэн удаа шалгарч байсныг энд дурдах нь зүйтэй байх. Тод манлайн хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж Сүхбаатарын одонгоор шагнаж байсан билээ. Ингээд олныг үл нуршин Тод манлайн ярианд анхаарлаа хандуулахыг урьж байна.
-Усан могой жилийн өнгө тольдох хаврын тэргүүн сарын уралдаануудад хэрхэн наадав. Морь хурдан уяа эвлэг үү?
-Энэ жил өвөлдөө хүйтэрсэн ч цаг тавираад гайгүй сайхан боллоо. Шинэ оны эхний уралдаанаа нутагтаа хийж Эрдэнэсантад болсон уралдаанд халзан азарга маань гуравт давхисан. Харин Дүнжингаравт нэг л боломгүй байхаар нь аваад үлдчихсэн. Уяач хүн сэтгэлд хүрсэн наадамд л уралдах сонирхолтой байдаг шүү дээ.
-Наадмын зохион байгуулалт сэтгэлд тань хүрсэнгүй юу?
-Үгүй ээ. Миний азарганы уяа болохгүй байх шиг санагдаад өнжөөсөн. Тэрнээс бол наадам зохион байгуулалт сайтай сайхан болсон шүү дээ. Ер нь Дүнжингаравын хурд уралдаан жил ирэх тусам улам бүр зохион байгуулалт сайтай болж, уяачид ч өргөнөөр оролцож байгааг та нэр мэдэх байх.
-Зориод очсон наадамдаа морио мордуулахгүй аваад үлдэх сэтгэлийн тэнхээтэй болоход хэдий хэр хугацаа шаардагддаг юм бэ?
-Морь давхина хурдлана гэдэг чинь морины хор, уяачийн хор, хүүхдийн хор гарч байж бүтдэг зүйл. Тод манлай уяач Эрдэнэчулуун “морь жаахан өөтэй, согогтой байвал уралдуулахгүй тэвчиж чаддаг хүнийг уяач гэж хэлнэ” гэсэн байсан. Энэ их чухал үг юм шүү. Надад ч гэсэн уясан морио аваад үлдэх тохиолдол бишгүй л гарч байлаа. Эхэндээ ч хэцүү л байдаг юм. Мордуулчихвал яах бол гэж бодогдоод. Яваандаа морио хайрлаад дараагийн наадам бий шүү дээ гээд уужирдаг болчихдог юм билээ. Дорноговийн Нарангэрэл гэж мундаг уяач байсан. Тэр хүн гэхэд л сунгаанд түрүүлээд ирсэн морио наадамд мордуулалгүй аваад үлдчихэж байсан. Тэр холоос зориод ирсэн хүнд амаргүй байсан биз. Гэсэн ч урьд шөнийн хоол нь болохгүй байна гээд уралдуулаагүй. Морь, хүүхэд согогтой, газар согогтой тэр бүү хэл морины чинь эмээл, хазаар, дөрөө, тохом нэг л боломгүй санагдаад байвал аваад үлдчихэд гэмгүй.
Төв аймгийнхан адууны соёл талаараа арай илүү санагддаг
-Та ММСУХ-ны удирдлагуудтай нэлээд хэдэн аймгаар явж “Монгол уяач-3000” зөвлөгөөнд оролцсон. Морь дагасан соёл хамгийн өндөр хөгжсөн нь аль аймаг санагдав?
-Чанар чансааны тухайд зүүн аймгуудын адуу, тэр дундаа Сүхбаатарын адуу давамгайлж байгаа нь аль ч уралдаанаас харагдаж байна шүү дээ. Харин морины соёл гэдэг талаасаа би Төв аймгийг арай илүү юмуу гэж хардаг. Адгийн наад зах нь манайхны хэрэглэдэг уяаны мод, хэц, эргүүлэг гэхэд л дор бүрнээ утга агуулга бэлгэдэлтэй. Ер нь морины уяа гэдэг бүтэн хэмжээний байгууламж шүү дээ. Дээр нь манайхан уяаны хэрэглэлдээ соёлтой, цэвэр, бөх, үзэмжтэй байх талаас нь нэлээд анхаарал хандуулдаг. Ялангуяа манай Боржигон тал руу бол уяаны хэрэглэлээ аль болох дээшээ өргөж хүндлэн дээдэлнэ. Монгол хүн амны бэлгэ, ашдын жаргал гэж ярьдаг. Тэр дагуу цагаан өнгийг илүүтэй дээдэлж, хазаарынхаа тархийг цагаан хадаг юм уу адууны дэл сүүлээр хийх жишээтэй. Ер нь адууны юм адуундаа зохимжтой, малын юм малдаа зохимжтой байдаг гэдгийг сүүлийн үеийн залуус маань тэр бүр мэдрэхгүй байх шиг санагддаг. Орчин үеийн мяндас, хаймар, зэрэг нийлэг эдээр малын эдлэл хэрэглэл хийхээр сөрөг чанар ихтэй. Адгийн наад зах нь чөдөр хийлээ гэхэд л халсан мөр нь мөд эдгэхгүй. Олом жирэмээ тэмээний ноос, адууны дэлээр хольж хийх нь нэг нь зөөлөн чанартай, нөгөө нь хөлс чийгийг нь шүүж гадагшлуулдаг ач тустай. Дээхэн үед хүүхдийн шээсийг шингээх зорилгоор адууны дэлийг ашигладаг байсан юм шүү дээ. Тэмээний ноосоор жолоо хийнэ гэдэг чинь зуны бороонд хатаж хорчийхгүй, өвөлдөө хүүхдийн гар хайрахгүй маш их тохиромжтой эд. Энэ мэтчилэн уяач хүн морь уяхаас гадна өөр олон зүйлд давхар суралцсан байх ёстой. Түүнийг арай илүү хангаад байгаа нь манай аймгийн уяачид юм болов уу даа. Энэ нь ч аргагүй юм бидний өвөг дээдэс гэж мундаг хүмүүс байлаа.
-Нээрэн таныг хэлэхээр анзаарлаа. Сүүлийн үед манайхан адууны эдлэл хэрэглэлээ болж өгвөл авчих гээд байдаг хандлагатай болчихсон юм шигээ?
-Бид гадны тоног төхөөрөмжийн дэвшилттэй талыг авч болно. Гэхдээ монгол хүн монгол морины онцлогт тохирсон шинж чанаруудыг нь гээж боломгүй. Монгол хүн адуутайгаа ивээл гэсэн өдрөө анхлан морио барьж уядаг. Тэр нь ихэвчлэн нохой юм уу бар, гахай өдөр байдаг. Бар өдөр гүүгээ барьж, унагаа бар өдөр тамгалдаг нь аливаа нэг араатны аманд өртөхгүй байхыг бэлгэдэж буй юм.
-Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал сүүлийн үеийн хурц сэдвүүдийн нэг болоод байна. Хүний амь настай холбоотой энэ чухал асуудалд анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Тэглээ гээд огт морь унуулахыг хориглож бас боломгүй санагдах юм. Энэ тухайд Тод манлай уяач ямар бодолтой яваа вэ?
-Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал хамгийн чухал сэдэв. Үүнд хүн бүр дор бүрнээ анхаарал хандуулах хэрэгтэй. Хамгийн наад зах нь уралдааны замд гаргахдаа эмээл хазаарынх нь бүрэн бүтэн байдлыг шалгаж хэвших хэрэгтэй. Үүнээс гадна хувцас хэрэгсэл гээд олон хүчин зүйлүүд бий л дээ. ММСУХ-ноос гаргасан тушаал шийдвэрийг мөрдөөд байвал монгол хүүхэд мориноос барагтай бол унахгүй дээ. Монгол наадмын морийг хүүхэд унахаас өөр аргагүй. Дээр үеэсээ л монголчууд хүүхдээ хэлд, хөлд орсон цагаас эхлэн барилдуулж, унаа морь унуулдаг байсан. Монгол хүнийг мориноос салгаж ойлгохын аргагүй. Ямар сайндаа л адууны яам байгуулж байхав дээ. Монголчууд л морин туурайгаар дэлхийг эзэлж, өөрсдийн үүх түүхийг сийлсэн ард түмэн. Тэр ч утгаараа эрийн гурван наадам гэдэг тухайн үеийн улс орны батлан хамгаалахын том бэлтгэл байжээ гэж түүхчид үзээд байгаа биз дээ. Монгол хүн “Найр бол буяны чагтага, морь бол хийморийн чагтага, бөх бол насны чагтага” хэмээн эрийн гурван наадмаа дээдэлсээр ирсэн түүхтэй. Энүүгээрээ бид сайхан амьдарч, өнөөдөр Монгол улсын нэр дэлхийн тавцанд өсч байна. Уухай, дуу хуур гийнгоо гэдэг бол бас том соёл, өв уламжлал. Тиймээс өв уламжлал ёс заншлаа бодсон ч ирээдүй хойч үеэ бодсон ч монгол хүүхэд морио унаж өсч өндийх хэрэгтэй. Харин тэдний аюулгүй байдлыг хангах тал дээр хаа хаанаа анхаарал болгоомжтой, хяналт өндөртэй байх учиртай.
Би Ононгоо баатарын зэрэгт хүрсэн гэж боддог
-2013 оныг ММСУХ “Уяачийн ёс зүйн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хаврын бүсийн анхны уралдааны үед нэлээдгүй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Таныхаар уяачийн ёс зүй гэж юуг хэлэх вэ?
-Монголчууд хэзээнээсээ ахас ихэсээ хүндэтгэх маш том соёлыг дээдэлсээр ирсэн ард түмэн. Мөн нэр хугарахаар яс хугар гэх өөрийгөө хичээх баримтлал нь үр хойчоо зөв хүн болгоход маш том түлхэц үзүүлдэг байсан гэж би хувьдаа үздэг. Уяачид энэ мэт ёс зүйд хамгийн ойр байдаг хүмүүс юм болов уу гэж би бодож явдаг юм. Аливаа зүйлийн саарыг дуудан гэмшүүлж ухааруулах, сайныг нь магтан гэгээрүүлж ухааруулах хоёр янзын арга бий. Би энэ удаа сайн сайхныг хэлмээр байна. Манай уяачид ахасаа хүндэтгэх ёс зүйтэй хүмүүс. Ямар ч байсан жил бүр Тод манлай уяачдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Бие биенээсээ суралцаж байна. Хамт олны үлгэрлэл гэдэг хүмүүжлийн маш том хэсэг. Энэ бол авууштай чанар шүү дээ. Уяачийн ёс зүйг эрхэмлэж, үлгэрлэж явдаг олон сайхан уяачид байна. Тэдний нэг бол Тод манлай уяач Д.Онон юм. Д.Онон морь уях сойх эрдмийг өөрөө гарамгай эзэмшихийн зэрэгцээ хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар ихийг хийсэн хүн. Дуламсүрэн, Батсайхан, Алтангэрэл, Батсүх, нарын Тод манлай уяачдыг төрүүлсэн хүн. Энэ хүмүүс бүгд Ононг уяаны багшаа хэмээн хүндэтгэж явдаг юм билээ. Мөн Манлай уяач Цэнгэл байна. Сая Алдарт болсон Мэндбаяр байна. Нэрлээд байвал Ононгийн зааж сургасан хүмүүс олон доо. Мөн Батаа, Ихбаяр нарын залуучуудыг дагуулж морь уяхыг заахын зэрэгцээ амьдрал ахуйтай болголоо. Өнөөдөр эдгээр залуус мундаг уяачид гээд үнэлэгдэж байгаа нь Ононгийн ёс жудагтай хүний мөстэй холбоотой юм. Онон ер нь авч явсан хүнээ хүний зэрэгтэй болгодог хүн. Би олон жишээн дээрээс Ононгийн уяачийн ёс зүйг харж үнэлж явсан.
-Жишээлбэл?
-2002 онд би Америк явахдаа хар морио бусад адуутай нь Яармагт айлын хашаанд орхиод явсан юм.Тэгсэн Онон ирээд хар морийг аваад явсан байсан. Тэр жил хар морь маань улсын наадамд дөрвөлсөн. Дараа жил нь “Говьшанхын хурд-2” наадамд гурвалахад нь бид бас хамт явсан. Би миний морийг айрагдуулаад өг гэж гуйгаагүй. Тэр хүн уяачийнхаа ёс зүйгээр энэ адуу хурдан юм. Жил алдуулаад яахав, нутгийн ах уяж чадахгүй байна гэж бодсон байх. Онон ийм л хүн. Мөн та нар мэднэ дээ. Адуу хатгах ханах тал дээр хэнийг ч дагуулахгүй. Үүнийгээ залуу үедээ өвлүүлэн үлдээж хэд хэдэн хүнийг бэлтгэлээ. Ер нь уяач бид зөвхөн өөрөө уяж хурдлуулаад байх биш, мэдсэн сурсанаа залуу үедээ өвлүүлэн үлдээх том үүрэгтэй хүмүүс. Тэр үүргээ нэр төртэй биелүүлж яваа хүн бол Онон. Би Ононгоо баатарын зэрэгт хүрсэн гэж боддог. Хүртээмжтэй ёс зүйтэй уяач. Өвгөн би буруу ярьж байж болох ч хурдан морины уяа сойлго тааруулна гэдэг энхрий хүүхэд шиг эрхлүүлэх шиг эмзэг эд. Уяачийн ёс зүй гэдэг тэр эмзэг эдийг тогтоож байдаг зүйл. Хонхортоо хочгүй явна гэдэг монгол хүний зорилго нэрийн хуудас нь байсан юмуу даа. Ёс зүйгүй авчирласан хүнийг ард түмэн танина, нэр хоч өгнө, хүндлэхгүй болно. Тиймээс тэр байдлаас цэрвэж муу үйл хийхгүй байхыг хичээдэг байж, бидний дээдэс.
-Унаган адуугаараа наадах тэр тусмаа цол зэрэгт хүрэхийн баяр бахдалыг амссан хүн бол та. Нэг адуугаар тогтмол амжилттай наадахад уяач юун дээр илүү анхаарах ёстой вэ?
- Даваахүүгийн номон дээр “хурдан морь ирлэнэ гэдэг газрын чагтага тасарна гэсэн үг юм даа” гэж бичсэн байна лээ. Өөрөөр хэлбэл уяач хүн хурдан мориндоо газрын татах хүчнээс ховхрох тамир суулгаж биеийг нь хөнгөрүүлдэг гэсэн үг. Би морьдоо нэлээд нимгэлж уралдуулдаг. Туранхай адуу хөл, амь хоёртоо өлзийтэй байдаг юм. Одоо энэ сайхан адуунууд олон жил уралдаж чадахгүй байгаа нь тэжээлтэй холбоотой байж мэдэх юм. Тамир ихтэй болохоор хөл нь гүйцэхгүй, түүнээсээ болоод гэмтээд байгаа байх.
-Та хар морио нэг жил дээд тал нь хэд уралдуулж байсан бэ?
-Найм уралдуулж байсан. Халзан азаргаа бол бүр 12 уралдуулчихаж байсан юм байна. 2008 онд соёолонд нь шүү дээ. Хавар анх Төв аймагтаа цэргийн баярын уралдаанд уралдуулаад намар 10 сарын 17-нд Баян сумын сургуулийн 80 жилийн ойн уралдаанаар өндөрлөж байлаа. Долоон сарын дотор 12 уралдахдаа түрүү, айрагтай л давхиад байсан. Тэгэхэд хар морь 18-тай байсан. Соёолонгоо дагаад л энд тэнд уралдаад байсан даа хөөрхий. Би давхар уяаны морьдоо хий суучихаж магадгүй хэмээн шар тостой арвайн гурилаар утаж, уланд нь шар тос, өөх түрхдэг юм. Ер нь утах их зүгээр шүү. Гайгүй давхих адууны нүдэнд хүний бүтэн дүрс тусаад, өнгө нь тунгалаг байдаг юм даа, уяачид бүгд мэднэ.
-Хар морь, халзан азарга хоёр айрагдсан Алтан-Овоо наадам Тод манлайн бахархалт дурсамжуудын нэг байх?
-Тэгэлгүй яахав. Монголын хурдны гол цэгт их морь, соёолон айрагдуулна гэдэг тэр бүр тохиох завшаан биш байх. Тэр үед миний хар морь 18 настай байсан. 18 настай миний унаган адуу хурдны өлгий нутагт очоод аман хүзүүдэхэд өөрийгөө жаахан тоосон. /инээв/
-Уяачийнхаа хувьд уу?
-Манай адуу сайн л байгаа юм байна гэж. Сүхбаатарт тэгж давхисан болохоор би ер нь өөрийнхөө адууг гайгүй адуу л гэж боддог. Тэр наадамд би халзан азарганы эцэг Мөнгөн гэж зээрд халзан азаргатайгаа очсон юм. Боржигоны хурдад аюулын гайгүй давхичихаар нь нэлээд горьдож байтал шинэ худагийн ус ууж гэдэс нь дүүрчихээд яваагүй.
Миний хар морь бүх Их хурд уралдаанд тоосоо өргөсөн
-Монголын хурдан морины түүхэнд домог мэт яригдах хурдан хүлгэдийн нэг нь таны хар морь. Хэд хүртлээ уралдсан бэ?
-21 хүртлээ уралдаад, 22-тойдоо бурхан болсон хөөрхий. Сүүлдээ их хөгшрөөд араагүй болчихсон байсан. Адуу тэгтлээ өтлөх бас өрөвдмөөр юм билээ. Дааган цагаас уягдсан хурдан буян даа хөөрхий. Шигшмэл морьдын Их хурд уралдаануудад бүгдэд нь оролцсон. Анхныхаас нь эхлээд 2010 онд тавыг нь хүртэл оролцсон адуу миний хар мориноос өөр байхгүй байх. Сүүлийн Их хурдад 15-р давхисан. Хамгийн дээд амжилт нь тэр. Би хар морио
Шилмэл хурдад тав уригдсан
Ширүүн мөндөр, ширмэн туурай
Хорин жил тоосоо өргөсөн
Хосгүй хурдан ган эрдэнэ гэж бодож явдаг.Ган эрдэнэ гэдэг чинь төмөр морь л гэсэн үг шүү дээ. /инээв/
-Та чинь нээрээ хар мориныхоо шүлгийг бичиж дуу хийлгэсэн бил үү?
-Хагас хугас юм болсоон, болсон.
-Зодог тайлах ёслол гэж хийсэн үү?
-Яг албан ёсны ёслол энэ тэр хийгээгүй.Сумын наадамд авч очоод сайхан тойруулаад гаргачихсан. Өөд болох жилээ тарга тэвээрэг аваагүй. Тэр өглөө усанд туугаад явах гэсэн чинь гэрийн гадаа хэвтээд өгсөн гэсэн. Би тэр үед нь байгаагүй юм. Өдөр хүрээд ирсэн учиргүй чацга алдчихсан байхаар нь хордлого болчихсон юм болов уу гэж бодоод мал эмнэлэг дуудаж үзүүлсэн чинь шингэн хий гэсэн. Тэгээд хийсэн ч орой долоон цагийн үед явчихсан даа хөөрхий. Хамгийн гол нь хоёр араа нь унаад бусад нь буйлныхаа цаагуур шигдээд орчихсон буйл нь овойчихсон байсан. Тийм амьтан яаж хоол тэжээлээ шингээж чадахав. Нэг шүд нь тэжээлийн онгоцонд ойчсон байсан. Урд шүднүүд нь зүгээр байхаар нь арааг нь алга болчихно гэж бодохгүй байхгүй юу. Уг нь мэдсэн бол эмч домчид үзүүлээд арга хэмжээ авах л байсан байх. Зайлуул араагүй болохоор сайн зажиглагдахгүй цааш орсон шивээтэй өвс нь хатгаж бариад умс нь хөөнгөдөөд хавдчихсан байсан. Сүүлд үзсэн чинь умсанд нь цус хурчихсан байна лаа. Би хар мориныхоо толгойг нутгийнхаа музейд тавихдаа шүдийг нь гүйцээгээд суулгачихъя гэж бодож байгаа. Үхдэгийнхээ өмнөх зун хар морь маань бага сунгаанд өнгөлж л байсан.
-Улс бүсийн наадамд нийт хэд орсон бэ?
-Нэг түрүүлж, зургаа айрагдсан. 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг наадамд аман хүзүүдэж, 1996 онд соёолондоо төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн. 2002 онд АХ-ын 81 жилийн ойгоор улсын наадамд дөрвөлөөд, 2003 онд "Говьшанхын хурд- 2" говийн бүсийн уралдаанд айргийн гурваар, 2004 онд “Дүнжингаравын хурд” уралдаад тавлаад, 2006 онд Багануур дүүрэгт болсон хаврын бүсийн наадамд дөрвөлсөн. Түүний дараа 2008 онд төрийн тахилгатай Алтан-Овооны даншиг наадамд аман хүзүүдсэн шүү дээ. Аймаг сумын наадамд түрүүлж айрагдсан нь олон шүү дээ.
-Хар морио нутгийнхаа музейд мөнхжүүлнэ гэсэн чихмэл хийлгэж байгаа хэрэг үү?
-Үгүй, үгүй. Зөвхөн ясан толгойг нь л тавих гэж байгаа юм. Хар мориныхоо арьсаар нь морины уяаны хэц хийчихсэн.
-Морь эзэн хоёр ижилсэнэ гэдэг. Хар мориноосоо түүнийг ханатал мэдэрсэн байлгүй?
-Ер нь занг нь мэднэ шүү. Миний дууг андахгүй. Баяр гэж хүү унадаг байсан юм. Намайг Баяраа гээд хашгирахаар тэр дороо л хөдөлнө. Айрагдаж, түрүүлэхийнхээ урьд өдөр нэг их сайхан тайван болчихоод унтаад сэрэхээрээ уулын толгой хараад л өөдөөс харж эвшээгээд, нэг их тийм амгалан тайван болчихдог. Өнгө зүс нь ч гэсэн хамба хилэн шиг солонгороод цаанаа л нэг өнгөлөг болчихдогсон.
Маарын хээрийг соёолонгоос нь эхлээд бурхан болтол малласан
-Дугараа Манлай Тогоруу халтар, Солонго цавьдар зэрэг хурдан азаргануудын хөлийг хадгалж байдаг юм билээ. Ер нь зарим нэг хүмүүс хурд хадгалагдана хэмээн хурдан морины эд зүйлийг хадгалах нь бий. Тод манлайд тийм үнэт цуглуулга бий юу?
-Миний цавьдар азарганы болон хар морины маань толгой байна. Хар морины туурайгаар хийсэн бойпор ч бий. Мөн алдарт Маарийн хээр азарганы буруу талын урд хөлний туурайгаар хийсэн сангийн бойпор байснаа хүүдээ өгсөн. Би чинь Маарын хээрийг соёолонгоос нь эхлээд үхэн үхтэл нь хариулсан хүн шүү дээ.
-Сонсоогүй түүх байх чинь. Яаж яваад хээр азаргыг хариулах болсон юм бэ?
-Маар ганц өргөмөл охинтой хүн.Тэр өргөмөл охин нь манай бэр байгаа юм. Түүгээрээ холбогдоод л маллах болохгүй юу. Хээр азарга их өргөн магнайтай, хоёр нүдний хоорондын зай их хол, хамрын нүх том, саран туурай нь аяга хөмөрчисөн юм шиг гүнзгий, улдана барина гэсэн юм байхгүй. Цуцахыг мэддэггүй адуу байж билээ. Хэрвээ уяаных нь тал дээр илүү анхаарсан бол хээр азарга тэр байтугай амжилт үзүүлэхээр адуу байсан шүү. Онон, Даваахүү мань мэт чинь нэгдэл нийгмийн мал гээд морь уяхаа хоёрдугаарт тавьдаг байлаа шүү дээ. Одоогийнх шиг энүүгээрээ мэргэшиж байсан бол хээр азарга олон жил монгол түмнээ баярлуулах байсан.
-Хэд хүрсэн юм бэ?
-Сайн санахгүй байна. Лав 19-тэйдээ айрагдаад, 20 гарсан хойноо нэг өвөл Дуутын хэцийн хавьд өөд болчихсон байсан. Тэгээд арьсыг өвчиж аваад гурван хөлийг нь арьстай нь Маарт өгөөд өөрөө урд талын буруу хөлийг нь авсан. Манай Сэргэлэн сумын түүхэн дэх хамгийн хурдан азарга бол Маарын хээр. Улсын наадамд нэг түрүүлж, гурав аман хүзүүдэн, гурав айрагдсан хурдан хүлэг шүү дээ. Тэр сайхан хурдан буянг маллаж адгуулж байснаараа би бахархдаг юм шүү.
-Унаган адуугаараа Тод манлайн болзол хангасан хийморилог уяач анхны айргаа хэдэн онд ямар насны адуугаар хүртэж байсан бэ?
-1979 онд Жураан зээрд маань хязааландаа улсын наадамд дөрөвт давхиж анхны айргийг авчирч байлаа. Миний Журааны эцэг нь манай сумын уугуул Гомбожавын Чулуун гуайгаас авсан хүрэн халзан азарга байгаа юм. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойн өмнөхөн авч билээ. Тэр бас их түүтхэй. Хурдан адуутай болох санаатай байж байтал Чулуун гуайтай таараад халзан азаргыг нь авахаар болж дөрвөн ханатай гэрээ буулгаж өгчихөөд шал тавилгатайгаа үлдэж байлаа. Харин халзан азарганы эцэг нь монголын хурдан морины түүхэнд гурван үеэрээ морь айрагдуулсан Падын “Янзага” хүрэн гэж хурдан азарга байсан юм.
Хутагтын таван дөрвөн шаргын нэг нь манай эцэгт ирсэн юм билээ
-Өөрийн адуу хурдан байна гэдэг сайн чанаржуулсантай холбоотой байх. Ингэхэд та ер нь хаа хаанаас адуу авсан юм бэ?
-Миний эцэг Шархайн дууч Цэрэн гэж хүн байсан. Тэр хүн Манзушир хутагт Цэрэндоржийн найр наадмыг чимж дуу хуураа өргөдөг байж л дээ. Хутагтад Гадин засгийн хошуунаас өргөсөн шарга азарганаас дөрвөн шарга эр унага гарч түүгээр нь азарга тавьсан юм билээ. Тэрхүү дөрвөн шарга азарганы нэг нь миний эцэг Цэрэнд ирж манай адууны суурь болсон байдаг. Миний эцэг Цэрэн сайхан дуулж хуурдахаас гадна хурдан морь уяж төрийнхөө их баяр наадмыг чимж явсан уяач. 1941 онд АХ-ын 20 жилийн ойгоор зээрд соёолонгоо тавлуулж байсныг баяр наадмын цуваанаас харж болно. Миний эцэг Их зээрд, Бага зээрд гээд хурдан морьдтой байсныг үр хүүхдүүд нь унаж хурдлуулж байсан. Эцгийнхээ энэ сайхан буянг арвижуулж, адууныхаа чанарыг сайжруулахаар азарга, гүү нэлээдийг авсаан.
-Жишээлбэл?
-Манай нутгийн Паргиа хэмээх Гомбосүрэн гэж хүний хурдан хээр азарганы төл хээр азаргыг авч байсан. Бас Баян сумаас хоёр хул азарга, Баянцагааны Царцаа хэмээх Дашнямын өлгөр хээрийн төлийг ч авсан. Харин гүүний тухайд Баянцагааны Тожил гэдгээс Данзанням гуайн алдарт хүрэн азарганы эх хар гүү авч байсан. Адууныхаа чанарыг сайжруулахаар адуу их цуглуулсаан гэхдээ одоо нэг бүрчлэн санахгүй байна.
-Өнөөдрийн цол зэрэгт хүрэхэд хар морь, халзан азарганаас гадна ямар ямар хурдан буянгуудын амжилт нөлөөлсөн билээ?
-Жураан зээрд морь маань байна. Мөн өвгөн цавьдар азарга маань байна. Хязааландаа Баянцагааны наадамд түрүүлээд, азарга болсон хойноо улсын наадамд нэг аман хүзүүдэж, хоёр айрагдсан.Гэхдээ би тэр үед нь уяагүй. Ийм амжилттай адууг 10,000 төгрөгөөр авч байсан юм. Хар морины эцэг нь өвгөн цавьдарын төл цавьдар азарга байсан. Харин эх нь Маарын хээр азарганы эгч шүү дээ.
-Хар морь ч хурдан байхаас аргагүй юм байнаа?
-Хоёр талын хурдны цустай адуу байгаа юм. Мөн 1998 онд улсад айрагдсан цавьдар морь байна. Цавьдар морины эх нь Доржсүрэнгийн хээр азарганы угшилтай юм.
-Тэр жил чинь та их морь, азарга улсад айрагдуулсан бил үү?
-Миний хамгийн сайхан наадсан он жилүүдийн нэг. Улсын наадамд азарга их морь оруулчихаад хүүтэйгээ хамт зогсож байгаа зураг энэ байна. /үзүүлэв/ Түвшингийн энэ зээрд азарганы эх нь Магалжавын алагийн угшилтай зээрд гүү байсан.
Улсын наадамд түрүүлж айрагдсан морьдыг цоллож явлаа
-Энэ зурган дээрх морь цоллож буй хүн та мөн үү?
-Мөөн.1979 оны улсын баяр наадмын их насны морьдыг цоллож байгаа юм. Тэр жил Д.Даваахүүгийн Сайвар хээр түрүүлж, Партизаны Нямын бор морь аман хүзүүдэж байсан юмдаг. Гурав дахь нь Гийнаагийн буурал, дөрөв дэх нь Партизаны Гүнтийн ногоон, тав дахь нь манай Сэргэлэнгийн өндөр Батаагийн хээр морь байгаа юм. Миний эцэг Цэрэн Манзушир хутагтын дууч байсан гэсэн шүү дээ. Эцгээсээ бага зэргийн юм өвлөж авсан юм шиг байгаа юм. Нэг муу дуулна. Урлагийн наадам энэ тэрт оролцож л явлаа. Соёлын яам, аймгийн захиргаанаас зохион байгуулсан уртын дуу дуулаачдын тэмцээнд орж 2-р байр эзэлж байсан. Миний эцэг
Шархай гурван оорцог
Шандас гурван хавтгай
Ласаг гурван баянгаар нутагтай
Шархайн дууч Цэрэн гэж би байна хэмээн ярьж явдаг байсан гэдэг. Бас над шиг дэл сул үгтэй хүн байсан байгаа юм./инээв/ Аав маань манайд “унага гарвал хүлэг гарна, хүү гарвал бөх гарна” хэмээдэг байсан гэдэг. Амны бэлгэ, ашдын жаргал гэгчээр таван сайхан хүүтэй, тавин хурдан морьтой болсон. Үр хүүхэд ач зээгээс нь барилдаж ноцолодож буй хүн цөөнгүй байна. Манай ахын хоёр хүү барилдана. Бас манай хоёр хүү улсын начин цолтой. Аавын минь ярьж байснаар ямарч байсан бөх төрсөн л байгаа юм.
-Наадмаар танай уяан дээр очиход морьдоо гаргахдаа уртын дуу дуулж байсныг одоо саналаа. Ааваасаа суралцсан уу?
-Манайхан чинь найр, наадам хоёрыг “Түмэн эх”-ээр эхэлдэг уламжлалтай ард түмэн. Морио гаргахдаа айргаар мялааж Түмэн эхээр хийморийг нь сэргээн мордуулдаг.Тэр нь айрагдаж түрүүлэхийн бэлгэдэл, морио хүндэлж, нөхдөө хүндэлж байгаагийн илэрхийлэл юмуу даа.
-Удам залган уяа эвлүүлж буй хүмүүс хэр олон байна?
-Бий, бий. Манай ах, ахын хүүхэд гээд морь уяж буй хүмүүс цөөнгүй бий. Миний хүүхдүүд ч морь уяна.Дүнжингаравын хурдад Амараагийн хээр морь айрагдаж л байсан. Түвшингийн зээрд азарга улсад айрагдаж байсан. Нэг хүү маань малчин. Хоёр хүү маань адуу малаа сайжруулна гээд зүтгээд байгаа. Манай нэг ах Шагдар гэж адуу хариулдаг, морь сайн уядаг хүн байсан. Одоо энэ Ононгийн хатгуур хануурын багш байсан юм. Манай аав адуу хатгадаг байгаад хүүдээ өвлүүлж, хүү нь Ононд, Онон шавь нартаа өвлүүлж байна. Монгол уламжлал гэж энэ дээ.
-Та түрүүн ярианы эхэнд манай галынхан гэж яриад байсан. Гал уяа байгуулаа юу?
-Тэгсээн. Унаган адуугаараа сайхан наадаж байгаа гэдэг утгыг илэрхийлж “Унаган ажнай” нэртэй гал байгуулсан. Манай галд монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ хурдан морьдоо түрүүлгэж, айрагдуулсан Ц.Бямбасүрэн гэж мундаг уяач байна. Бямбын элэнц эцэг Журай-Ёндон гэж хүний хулгар хээр азарга 1934 оноос хойш улсад тав айрагдсан байдаг. Түүний хүү Довууч мөн л тэр хээр азаргаар сайхан наадаж улсын наадамд айрагдуулсан байдаг юм. Довуучийн хүү Цэлхээ мөн л улсын наадамд уясан морьдоо айрагдуулж байсан бол хүү Бямбасүрэн нь өнгөрсөн жил улсад хүрэн азаргаа аман хүзүүдүүллээ. Манай галынхан ММСУХ-ныхонтой хамтраад өдгөө нас сүүдэр 80 гарсан Цэлхээ гуайд хүндэтгэл үзүүлээд ирсэн. Тэгэхэд Цэлхээ гуай 60 гаруй жил хадгалсан өвөг эцгийнхээ алдарт Хулгар хээр азарганы толгойг бидэнд үзүүлсэн. Хулгар хээрээс гадна Цэлхээ гуайн Годон хүрэн, том хүрэн зэрэг гурван хурдан адууныхаа тэргүүнийг дээдлэн хадгалдаг юм билээ. Тэр хүн морио тэгтлээ хайрлан, дээдэлж яваагийн буянаар үр хүүхдийнх уясан морь ийм амжилт үзүүлж байна шүү дээ. Манай галд Ц.Бямбасүрэнгээс гадна “Акума” төвийн захирал Баттулга, Батсайхан, Батзориг, манай хүү Түвшинсанаа, туслах уяач Бямбасайхан нарын моринд дуртай залуус бий. Гадаадад морины клубууд байдаг. Тэрэн шиг манайхан ч гэсэн нэгдсэн нэг зохион байгуулалтанд орж хамтарч ажиллана гэж бодож байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч хуучилсан Тод манлайдаа баярлалаа. Чилээсэн бол хүлцэл өчье. Эрүүл энх байж, урт насалж удаан жаргаарай.
-Монголынхоо энэ сайхан соёлыг түгээж байгаа танай хамт олонд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Үг чинь үнэн, үзэг чинь хурц байх болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна