Унаач Б.Дэмбэрэлдодов: Түрүүлсэн морио харахаар өөрийн эрхгүй хайр хүрээд байдаг юм

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 23 -нд

Өнгөрсөн жилийн шилдэг унаач Архангай аймгийн уугуул Б.Дэмбэрэлдодов  Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар их насны морь унаж айргийн дөрвөөр хурдлуулсан юм. Уяач  аавын унаач хүү зургаан наснаасаа  хурдан морь унаж байгаа  бөгөөд  2012 онд нэг түрүү, 4 айргийн амжилтаа ийнхүү их насны айргаар үргэлжлүүлсэн билээ. “Адууны үнэр нь хүртэл сайхан даа “ хэмээн цөөн үгээр часхийтэл хариулах додигор эр байна лээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Сайхан баярлаж байна уу? Унасан морио айргийн дөрвөөр орууллаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Сайхан байлгүй яахав. Мэдээж түрүүлнэ л гэж уралдана шүү дээ. Гэхдээ айргийн дөрвөөр ирсэндээ баяртай байна. Шүдлэн хязаалан унаад тавин хэдээр давхиулсан.
- Хэддүгээр ангид сурдаг вэ? Морь унаад хэдэн жил болж байна?
-Архангай аймгийнхаа хоёрдугаар сургуулийн тавдугаар ангийг төгссөн.  Хурдан морь унаад дөрвөн жил болж байна.
-Аав ээжийнхээ тухай танилцуулаач?
-Аав, ээж маань малчин улс. Аав маань бас морь уянаа. Нэг их олон морь уяхгүй ч жил бүр нааддаг юм. Би бас аавдаа тусална, уясан морийг унана. Бид хоёр хамтдаа сумынхаа олон наадамд оролцож байгаа. Яваандаа арай том довонд уралдах байхаа. 
-Хурдан морь унахад хамгийн гоё нь юу байдаг юм бэ?
-Мэдээж уралдах л шүү дээ. Моринд мордсон л  бол өөр хүн болчих шиг санагддаг. Хүүхэд бүр л түрүүлж, айрагдахыг хүсч байгаа.  Тэр хүсэл биелэх хором бүүр ч их амттай. 
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно гэж бодож байгаа. Адууны үнэр нь л хүртэл гоё шүү дээ. Би хэлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ адууны дэргэд байхад өөрийн эрхгүй нэг тийм сайхан мэдрэмж төрөөд байдаг юм. Тийм болохоор  том болоод ч адуунаас холдохгүй байхаа.
-Мэдээж айраг түрүү хүртэх сайхан. Гэхдээ сэтгэл гонсгор үлдэх наадам гэж байдаг л байх даа?
-Тэгэлгүй яахав, байна.  Түрүүлж чадаагүй бол муухай байдаг юмаа.
-Шарандаа уйлж байв уу?
-Үгүй шүү. Тухайн үедээ муухай санагдаж байгаа ч наадам нэгээр дуусах биш дээ. Ард нь зөндөө уралдаан хүлээж байгаа болохоор амжилт гаргана л гэж боддог. Өнгөрсөн зун би Г.Мөнхсайхан ахынхаа халтар азаргатайгаа сайхан наадсан. Бас “Босоо хүлэг” галын ахын хязааланг унаж айрагдуулан, азаргыг нь тавлуулсан. Харин энэ жил Бандгаа Тод манлайн бор морио айрагдууллаа.  
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Морь л унах дуртай даа. Түрүүлээд ирсэн  морио харахаар өөрийн эрхгүй хайр төрөөд байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна