Бяцхан унаач Улсын наадмын зургаан айраг, түрүүн амжилтаа "Их хурд"-д үргэлжлүүлэв

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 22 -нд

Улсын наадмын гурав дахь өдөр. Энэ өдөр Хүй долоон худагт уяачдын наадам болдог уламжлалтай билээ. Охин маань жил бүр л ээжийгээ дагаж Уяачдын наадмыг “сурвалжлангаа наадамладаг” юм.  Энэ жил эрлийз ангиллын дааганы уралдааныг найман настай охин маань ихэд анхааралтай харж, түрүү магнайд хурдлан орж ирэх бяцхан даага, унаачдыг өхөөрдөн бас бахдангуй ажиглана зогсоно. Тэгээд унаач хөвгүүдийг хараад “ийм жаахан байж мундаг юмаа” хэмээн толгой сэгсэрч, нэг л мэдэхэд эчнээ танил болчихсон явж байлаа. Болоогүй хэзээний л том хүн шиг тийм зүсмийн хурдан морио унаад тэгж түрүүлгэж байлаа. Заримдаа ч ааштай морь унах горьгүй шүү. Уралдаад ороод ирэхэд морины хөлс авах гэсэн наадамчид хөөрхөн сандаргана гээч. Түрүүлж, айрагдуулсан морьдынхоо цолыг дуудуулан Төв цэнгэлдэхэд ороход цаанаа л гоё шүү дээ. Наадмын өмнөх шөнө түрүүлж, айрагдаж байна гэж зүүдэлдэг гэхчилэн ярихыг нь сонсчихоод хэрсүү юмаа гэж дүгнэсэн юм. Тийм шүү жаахан биендээ баймгүй хэрсүү бас хэвлүүхэн нөхдүүд байгаа юм, энэ унаач хүүхдүүд. Нөгөө талаар эднийг хурдан мориор дамжсан үндэсний их өв соёлоо түүчээлэн, ирээдүйд дөтлөх их үйлсийн эзэд гэлтэй. Хурдан морьтой холбоотой ёс заншил, хорио цээрийн тухай асуух аваас тов хийтэл нь л хариулна даа. Тэд бас хөдөлмөрийн амтыг эртнээс мэдэрч яваа улс. Халуун нар, хүйтэн бороо, жавар тачигнасан хүйтнээр урапдааны замд гарч, унасан морьдоо хурдлуулан, хөлс нь гоожиж, шороонд халтартсан байх атлаа нүднээс нь оч гэрэлтэх цовоо цолгин  унаачид. Наадмын хэдэн өдрүүдэд хамгийн завгүй байх агаад сүүдэр бараадан зүүрмэглэж суугааг нь олонтаа харж болно. Болоогүй заримдаа уяач нартаа зэмлүүлэн нүдэндээ дүүрэн нулимстай зогсох нь ч бий.  Гэсэн ч хурдан морь унах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн шантрахын тухай бодож байгаагүй хэмээн ярьцгаадаг юм. Ажнай Бат-Эрдэнийн Улс халзангийн унаач Т.Баярхүү, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морины унаач Г.Сүхбат, Тод манлай уяач С.Ганхуягийн хурдан борын унаач Б.Дэмбэрэлдодов, энэ жилийн азарганы айргийн гурав, аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн унаган зээрдийн унаач Б.Баасандорж гээд л унасан морьд нь айраг түрүү алдаж үзээгүй авхаалжтай хөвгүүдийг олныг нэрлэж болох юм. Эдний нэг болох Г.Сүхбат энэ жил 10 настай. Өлзийт хорооллын 59-р дунд сургуулийн  гуравдугаар ангид орно. Их монгол улс байгуулагдсаны 807  жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь хоёр дахиа түрүүлж, үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон морины олимп “Их хурд-6” магнайдаа тоосгүй хурдлан уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулсан билээ. Хүрэн морийг ММСУХ-ны 2012 оны шилдэг унаач Гансүхийн Сүхбат хүү унаж хурдлуулсан нь энэ байлаа. Тэрээр өнгөрсөн жилийн улс, бүсийн наадмаас 2 түрүү, 8 айргийн амжилтаа “Дүнжингарав 2013” хаврын бүсийн уралдааны айраг, улмаар Улсын баяр наадмын нэг түрүү, хоёр аман хүзүү, гурван айраг, “Их хурд”-ын түрүүгээр ийнхүү үргэлжлүүлэн үеийнхээ нөхдийн дундаас эгэлгүй унаач болохоо харуулаад байгаа юм. Ямартаа л морины хорхойтнууд бяцхан унаачтай хэзээний эчнээ танил болчихсон түрүүлж, айрагдаад ороод ирэх тоолонд нь бахдаж бас өхөөрдөн нулимс унагах нь юм билээ.

П.Ундраа

 

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна