НҮБ-ын Хүүхдийн cангаас хурдан морины унаач хүүхдийн эрхийн асуудлаар мэдэгдэл гаргав

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 19 -нд

 Энэхүү мэдэгдэлд Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болсон ч бага насны хүүхдээр хурдны морь унуулж, амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж байгааг цохон тэмдэглэжээ. Албан ёсны, нарийвчилсан тоо баримт хараахан гараагүй боловч гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон зарим эх үүсвэрийн мэдээлснээр 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт болсон хурдан морины уралдааны үеэр 24 хүүхэд гэмтэж, улмаар Төв аймгийн Жаргалант багийн өдөрлөгийн үеэр  7 настай хүү, Архангай аймгийн Өгийнуур сумын наадмын үеэр 9 настай хүү харамсалтайгаар эндсэнд НҮБ-ын Хүүхдийн сан гүнээ харамсаж, тэдний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн уг мэдэгдэлд, “Хэдийгээр хурдан морь унаач хүүхдийн насны доод хязгаар долоо байх, даатгалд заавал хамруулах асуудлыг хуульчилж,  хамгаалалтын хувцас хэрэглэлийн стандартыг  тогтоосон ч уралдааны үеэр хүүхдүүд осол гэмтэлд өртсөөр байгаа нь  сэтгэл эмзэглүүлсэн асуудал хэвээр байна. Цаашид ч орон даяар нийтдээ 47 хурдан морины уралдаан товлогдоод байна. Тиймээс хурдан морь унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг бүрэн хангах талаар улам их анхаарах хэрэгтэй байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас  хүүхдийг хурдны морь унуулан ашиг хонжоо, зугаа цэнгэлийн хэрэгсэл болгон ашиглах нь хүүхдээр өндөр эрсдэлтэй, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж, хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа болохыг холбогдох талуудад сануулж байна. Монгол Улс Хүүхдийн Эрхийн Тухай  Конвенц, хүүхдийн хөдөлмөрийн талаарх Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 182, 138-р конвенциуд болон олон улсын бусад гэрээнд нэгдэн орсон орны хувьд, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах,  хөдөлмөрийн насны доод хязгаарыг анхаарах зэргээр олон улсын гэрээний хэм хэмжээ, зарчмыг мөрдөж, хүүхдийн эрхийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна” гээд тус сан үндэсний болон олон улсын түнш байгууллагуудтай хамтран Монгол Улсын Засгийн газарт монгол хүүхдийн эсэн мэнд өсч бойжих, хөгжих, улмаар үндэснийхээ баяр наадмаар аюулгүй наадах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Б.Туул

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна