Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Г.Батсайхан: Зээрд үрээ өнгөлж яваад гуравлалаа

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

-Баяр хүргэе?
-Баярлалаа.  Дэнж хотойсон Монгол наадмын эхний өдрийн шүдлэнгийн уралдаанд зээрд үрээ айргийн гурваар хурдаллаа. Үнэхээр сэтгэл хөдөлж байна.
-Үүнээс өмнө ямар амжилт гаргаж байв?
-Үүнээс өмнө нэг их айхтар амжилт гаргаж байгаагүй ээ. Битүү үрээ байгаа юм.
-Тэгвэл анхны  наадам байх нь ээ?
-Үгүй ээ. Сая сумынхаа наадамд түрүүлчихээд хурдан байхаар нь улсын наадмыг зорьсон маань алдсангүй.
-Хаанахын адуу вэ?
-Төв аймгийн Батсүмбэр сумын Лувсанбалдан гэж хүний унаган адуу. Лувсанбалдан гуай улс бүсийн наадмын тав, зургаан айраг түрүүтэй хүн байгаа.  Өмнө нь бүсийн наадамд шүдлэн түрүүлгэж байсан. Энэ жил дахиад шүдлэн нь айрагдаж байгаа нь энэ. Би уяа сойлгыг нь тааруулдаг юм.
- Лувсанбалдан гуайн морийг уяад удаж байна уу?
-Би багадаа хурдан морины унаач явлаа. Дараа нь моринд томдоод хасагдаад ирэх үеэсээ хурдан морины уяа сойлго тааруулах болсон юм. Лувсанбалдан гуайн морийг уяад хоёр жил болж байна. Өөрөө хурдан морь унаж байгаад уяхаар арай дөхөм санагддаг юм.
-Зээрд үрээгээ айрагдана гэдэгт итгэлтэй байв уу?
-Мэдээж горьдож байсан шүү. Зээрд үрээ маань урьд шөнө их сайхан амарсан. Өдөжин хэвтэж амарч байгаад л  мордсон юм. Сая өнгөлж яваад суугаад гуравлаж байгаа нь энэ.
-Хаанахын адуугаар наадаж байна вэ?
-Манайх тойруулга угшилтай адуутай. Мөн Галшарын адуу ч бий. Энэ жил их морь, шүдлэн, хязаалантай ирж шүдлэн маань ийм амжилт гаргалаа. Хязаалангаа эрлийз насанд мордуулна.
-Наадмын дараа бүсийн наадмууд залгана. Хаана очиж наадах гэж байна вэ?
-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Морьдынхоо уяаг харж байгаад л аль нэг наадамд явна даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Монгол түмэндээ баяр наадмын мэндийг дэвшүүлье.

А.Мөнх
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна