Ч.Дорждэрэмийн Эмнэг зээрд

Тэлмэн
2013 оны 6-р сарын 23 -нд

Түвшинширээ сумын наадамд долоо түрүүлж, гурав айрагдсан Чимэдийн Дорждэрэмийн Эмнэг зээрд хэмээх хурдан хүлгийн талаар хүүрнэхгүй өнгөрч боломгүй. Соёолон цагаас эхлэн уралдаж, сумынхаа наадамд арав, жижгэвтэр наадмуудад гурван удаа цулбуур өргүүлсэн энэ хурдан буян Ч.Дорждэрэмийн Өвгөн хүрэн азарганых нь төл юм. Эмнэг зээрдийн түүхийг өгүүлэхийн өмнө эцэг хүрэн азарганы талаар дурдах нь зүйтэй байх. Сумынхаа баяр наадамд тав түрүүлж, тав айрагдсан хүрэн азаргаа Ч.Дорждэрэм 1966 онд дааганд нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас авч байжээ. Бүр тодруулбал тэр нутгийн “цоохор” хэмээх Дүүдүүгээс худалдаж авсан гэдэг. Хүрэн үрээ тайж угшилтай адуу бөгөөд ирсэн жилээсээ эхлээд хязаалан хүртлээ Түвшинширээ сумын наадамд гурван жил дараалан түрүүлж, соёолон аман хүзүүдээд, хавчигтаа болон долоотойдоо нутгийн заншлын дагуу цээр үргээн өнжжээ. Харин найман настайдаа 1972 онд сумынхаа наадамд аман хүзүүдэн, 1973 түрүүлж, 1974 онд аман хүзүүдээд 1975 онд дахин түрүүлжээ. Ийнхүү Түвшинширээ сумын наадмыг арав гаруй жил дархалсан хурдан хүрэн азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай адуу байсан гэдэг.
Ч.Дорждэрэм хүрэн азаргандаа Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат “ганга” хэмээх Шагдарсүрэнгийн адууны угшилтай хүрэн гүү хураалгажээ. Банди угшилтай тэрхүү гүүг Ч.Дорждэрэм 1967 онд зэлэн дээрээс нь сонгон унаганд нь авч байсан хэмээдэг. Тайж банди угшилтай хүрэн азарга, гүүний дундаас таван эр унага гарсан бөгөөд тэдгээр нь цөм хурдалжээ.
Өвгөн хүрэн азарга хүрэн гүү хоёрын дундаас төрсөн эр төлүүд:
1. Ч.Дорждэрэмийн хурдан хүрэн морь- Даага, шүдлэн, хязааландаа гурван жил дараалан сумынхаа наадамд түрүүлсэн
2.МУ-ын Алдарт уяач Ж.Шунугийн хүрэн азарга- Сумынхаа баяр наадамд нэг түрүүлж, ес айрагдсан. Энэ хүрэн азарга АХ-ын 91 жилийн ойн түрүү Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морины өвөг эцэг юм.
3.Ч.Дорждэрэмийн Эмнэг зээрд-Сумынхаа наадамд долоо түрүүлж, гурав айрагдсан.
4.Мант зээрд азарга-Сумынхаа баяр наадамд хэд хэд айрагдсан. Дорждэрэм энэ азаргаа ахынхаа хүү Лхагвасүрэн гэдэг залууд бэлэглэсэн. 
5. Гоё зээрд-Сумандаа хоёр түрүүлж, хоёр айрагдсан энэ азарга мөн л  Дорждэрэм уяачийн ахын хүү Лхагвасүрэнгийн нэртэй адуу. 
Дорждэрэм уяач олсноо олонтойгоо хуваадаг харамгүй сэтгэлтэй нэгэн байсан бөгөөд хүрэн азарга, хүрэн гүү хоёрын дундаас төрсөн зургаан охин төлийг нэг бүлийн зургаан айлдаа нэг нэгээр нь өгч адууных нь чанарыг сэлбэж байжээ.
Ч.Дорждэрэмийн өвгөн хүрэн азарга 19 нас хүрч мөнхөрсөн бөгөөд үр сад нь өнөө хэр хурдалж монгол наадмыг дэвжээг чимж буй. Жишээлбэл Х.Бат-Эрдэнийн хүрэн морины өвөг эцэг Ч.Дорждэрэмийн Өвгөн хүрэний төлийн төл бол Б.Наранхүүгийн Монгол хээр азарганы эх тал нь  мөн л Өвгөн хүрэн азарганы үр сад болох юм. 
Ийм нэгэн хурдан тууртын  үр төлөөс бид Эмнэг зээрд морийг нь онцолж амжилт юуг нь танилцуулахаар шийдлээ. Зээрд морийг 1973 онд соёолонд нь анх сургаж, тэр цагаас хойш уяж хурдлуулсан бөгөөд түүгээр нь Эмнэг зээрд хэмээн нэрийдэж болжээ.
Эмнэг зээрд сумынхаа баяр наадамд:
1973 онд- соёолон- түрүү
1976 онд- их морь-аман хүзүү
1977 онд-их морь- түрүү
1978 онд-их морь- түрүү
1979 онд-их морь- түрүү
1980 онд-их морь-айргийн гурав
1981 онд-их морь- түрүү
1982 онд-их морь- түрүү
1983 онд-их морь- түрүү /Баяндэлгэр сумын наадамд/
1984 онд-их морь-айргийн гуравт хурдлан зодог тайлж байжээ.
1973 оны 6-р сарын 16-нд сонгуульд зориулсан уралдаанд түрүүлж анх айргаар мялаалгаж байсан Эмнэг зээрд  1974, 1975 онуудад хавчиг болон долоотойдоо цээр үргээн өнжиж, 1976 онд найман настай морь сумынхаа наадамд аман хүзүүдэж байжээ. Харин түүний дараа 1977, 1978, 1979 онуудад гурван жил дараалан завсаргүй түрүүлж, 1980 онд гуравлаад 1981, 1982, 1983 онуудад дахин завсаргүй гурав түрүүлсэн байдаг. Ийнхүү нэгэн цаг үед Түвшинширээ сумын наадмыг эзэгнэж явсан даалуу адуу Эмнэг зээрд морь 1984 онд 15 настайдаа сумынхаа наадамд айргийн гуравт хурдлаад зодог тайлж байжээ. Дашрдам сонирхуулахад 1973 оны сумын баяр наадамд Өвгөн хүрэн азарга, өөрийн төл Эмнэг зээрдийнхээ хамт түрүүлж наадамчин олны самсааг шархируулж байсан гэдэг.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна