“Аз нь дутаж, дов нь өндөрдөнө” гэжээ

Санжаадорж
2013 оны 5-р сарын 13 -нд

Хан Хэнтий уулын аймгийн Галшарын хошууны  нэрт уяач “монхор” Халтар тус хошууны  ард  Адилбиштэй уяа нэгдэн  хээр соёолонг нь  уяж, өөрөөр нь  тогоо шанагаа бариулан 1934 оны улсын наадамд очжээ.  Адилбиш  олон түмэн Адил гэдэг  нь айлд хар бор ажил хийж явдаг,  тарвагачин нэгэн байж.
 Азарганд  “монхор” Халтарын  цавьдар  азарга түрүүлж наадам сайхан эхэлж. Түрүүлсэн азаргыг ойроос харах гэдэг монгол наадамчны ганц хүсэл хойно азарга түрүүлсэн уяан дээр ирэх наадамчид  тасрахгүй байв. 
Гэтэл  Уулбаяны “Орлойн хув Дагва ирж “монхор” Халтартай амар мэндээ мэдэлцэж, баяр талархлаа илэрхийлж, ярьж хөөрөлдөн,   уяан дээрхи морьдыг харж , ажиглаж  явснаа  Адилийн хээр морины дэргэд очиж:
- за хө, энэ зураг нь онгойсон хээр морь хэнийх вэ гэж асуухад  ”монхор” Халтар 
- Манай хөтөчийн морь. Тэр усанд яваад ирж явна ... гэжээ.
  ”Хув” Дагва  ус аваад ирж яваа  Адилбишийг   хараад 
- Өө ийм тарвагачны морь улсын довон дээр түрүүлэхгүй, аз нь дутаж , дов нь өндөрдөнө?... гэж тоомжиргүй хэлэхэд  нь  уяач “монхор” Халтарын дургүй нь хүрч  өшиглөөд авмаар санагдсан гэдэг. Маргааш нь хээр соёолонгоо мордуулчихаад уяач Халтар Адилбишид
-  За чи  нилээд цаана тосоорой. Хээр морь чинь гараад ирэх байх. Замыг нь чиглүүлж өгөөрэй гэж захьж явуулжээ.  Соёолонгийн  түрүүч гарч ирэхэд хээр морь нь нилээд зайтай  түрүүлээд гараад  ирж. Адилбиш тосч  дагуулан буруу замаар тойруулж  будлиулсаар байгаад аман хүзүүдүүлсэн байна. Урьдны хүмүүс морийг ингэж  эзэнтэй нь хамт шинжиж байсан нь сонин. Эзний “аз, хоншоор” гэж байдаг юм шүү.   
Энэ соёолон морь Галшарын хошууны “Адилын хээр” гэж олон түрүүлж айрагдсан  нэрт хурдан морь болж алдаршсан байна.  
 Уяач Адилбишийн ач хүү Хэрлэн сумын Засаг дарга асан, “Сэцэнханы хүлэг” уяачдын холбооны хүндэт тэргүүлэгч   Наваандонойн Ганболд  хурдтай өвөөгийнхөө шийрийг хатааж  гурав дахь гэр нь морины уяа болсон нэгэн.  Адуу  хүн хоёр заавал удам дагадаг гэдэг үнэн л юм даа ...                

Намсрайцэрэнгийн Санжаадорж    
 2013.04.30.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна