“Цээж эрдэмт цэцэн билэгт” нутгийн өвгөддөө бишрэн мөргөмүү

Наранхүү
2013 оны 4-р сарын 30 -нд

1.Медальт хээрийн эзэн
Монгол түмэн эрт дээр үеэс хүлэг морийг шинжин таних, уях сойх эрдмийг зуун зууны туршид өвлүүлэн дамжуулсаар өнөө үед хүрчээ. Хүлэг сайн морийг алдаршуулах , гоёх, цог жавхланг нэмэн төгөлдөржүүлэх олон соёл буй. Үүний дотор нэгэн зүйл бол “хурдан морины медаль” юм. Энд төрөлх сум болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумандаа хамгийн анхлан хурдан морины медаль хүртсэн алдарт медальт хээрийн эзэн, удамт монгол уяачийн тухай мэдэх бүхнээ уншигч абугай танд хуучилюу хэмээн санахын учир...
 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р багийн ахмад уяач, энэ оны сар шинийн босгон дээр “Аймгийн алдарт уяач” хэмээх эрхэм алдрыг хүртсэн Чүлтэмийн Батмөнх гуай 1944 оны мичин жил төрсөн бөгөөд 1960-аад оны эхэн үеэс Хотогойд нутгийнхаа удамт хурдан хүлгүүдийнхээ хур сүүлийг боон хусуур сойз зүүн “уяач” хэмээх нандин сайхан хөдөлмөрт нэгэн насаа зориулж яваа буянтай буурал уяач.
Энэ олон жилийн туршид нэгдэл нийгмийн мал маллан улс орныхоо мал аж ахуйн хөгжил дэвшилд зүтгэхийн зэрэгцээ хурдан морийг уях сойх өсгөн үржүүлэх талаар тууштай бодлого баримтлан үр хүүхдүүддээ өвлүүлж чадсан нь бахархалтай. Тэрээр хурдан хүлгийнхээ уяан дээр зүүрмэглэн дугхийж, зүүдлэн сэрж, хурдан хүлгийнхээ хангинасан янцгаалт, сэргэлэн хүүхдийн сэнгэнэсэн гийнгоон дунд залуу халуун насаа үджээ.
 Ч.Батмөнх гуайг бичигч миний бие таних болсон үе гэвэл 1993 оны зунаас юм уу даа. Тэр үед миний бие арваад настай төвөөс хөдөөлсөн дөнгөж л морь унахтайгаа болсон хүү байв. Их Тахилтын Хөхийн шилээр нутаглах , олон малтай, олон хурдан морь зэллэн уясан өнөр өтгөн ам бүлтэй гурав, дөрвөн гэр зусахыг айл амьтан Батмөнх гуайнхныг гэлцэнэ. Тэр зун манайх Хүйтний амаар нэлээд доохно зусаж, Тахилтын их уяагаар хонь хурга эргүүлэнгээ үсэргээний морь харна.Суран шуултаар хөхлийг боосон хар голтой цагаан халиун зүстэй идэрхэн морь их зайтайхан түрүүлэн ирнэ. Хэн гээч хүний морь юм бол хэмээн амьтан хүний ам чагнахнээ “Батмөнх гуайн халиун” морь ирлээ гэлцэнэ. Тэр үедээ Тосонгийн морь сонирхогчид болон уяачдын дунд домог болсон морь байлаа. Бага дөрвөн насандаа айраг түрүү алдаагүй зартайхан байсан даа.
Ингэж л Батмөнх хэмээх сайн уяачийн алдрыг дам сонсож, халиун морины уужимхан харайлтыг сонирхон хардаг байлаа. Хожим бодоод байхад халиун морь тэвхийсэн ханхар өргөн ташаатай, ер нь морь мориноос илүүтэй сайхан ташаа хавиргатай морь байсан санагддаг. Тосонгийн хурдан морины түүхийг шимтэн үзэх зуур Батмөнх ах маань үнэхээр содон амжилтуудын эзэн бөгөөд сумынхаа наадамд азарга хамгийн олон түрүүлгэсэн амжилт нь гоц содон байхын зэрэгцээ анхны медалийн эзэн гэдгийг тэр бүр залуучууд сонсоогүй л болов уу.
Нэгэн баримт: 1981 оны Ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойн их баяр наадам, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 50 жилийн ойд аймгийн түүхэнд цөөн медаль олгодог байгаад их ойн жил айрагдсан нас бүрийн таван морьдод медаль олгосон байдаг.Тус наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг нэгдлийн малчин, уяач Чүлтэмийн Батмөнхийн хурдан хээр хязаалан айргийн гуравт хурдалж “ хүрэл медаль” хүртэн сум орон нутагтаа “ медальт хээр”  хэмээн алдаршиж байлаа.
Нэгэн баримт: 1986 онд Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн 30 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн наадам зохион байгуулж эхний гурван байранд ирсэн моринд медаль олгосон байдаг юм. Тэгэхэд Ч.Батмөнхийн хурдан халиун даага түрүүлэн ирж түмэн олноо баясган “алтан медалиар” магнай юугаан мялаан унасан хүүхэд уясан эзнээ баярлуулсан сайхан дурсамж байдаг.
Нэгэн баримт: 1994 оны Тосонцэнгэл сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн их баяр наадмыг нэлээд дуулиантайхан тэмдэглэж 1986 оноос хойш олгоогүй байсан хурдан морины медалийг нутгийн урчууд урлан хийсэн бөгөөд эл наадмын хурдан шандаст 150 гаруй их насны морьд мордсон уралдаанд 2-р багийн уяач Ч.Батмөнхийн хурдан халиун морь аман хүзүүдэж мөнгөн медалийн эзэн болжээ. Ингэж л Батмөнх ах маань аймаг сумандаа анхлан хурдан моринд медаль олгосон 3 томоохон наадамд алт, мөнгөн, хүрэл медаль хүртсэнээрээ Тосонцэнгэл сумандаа хурдан морь , уяачдын цадиг намтарт тодоор бичгдэх амжилтын эзэн билээ.
Нэгэн баримт: 2004 оны сум байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадамд түүний уясан хурдан хул соёолон айргийн таваар жолоо атгуулан асрын өмнө цоллуулсанаас үзэхэд их уяач маань “тэгш  ойн” золтой зоригтой уяач гэдгээ давтан харуулсан гэж бичигч би боддог.
Энэ  бүхий он жилүүдэд бурангуй нийгмийн үед азарга уяж нэгдэл нийгмийн ажлаас хойш татлаа хэмээн донгодуулж  байсан үе байсан ч түүний бий болгосон “удамт саарал” адууны үр төл сум орон нутагтаа түрүүлж айрагдаад зогсохгүй 2009 аймгийн наадамд залуу уяач Батмөнхийн Батбаатарын хурдан саарал азарга айргийн 3-т давхисан амжилт гаргасан бахархууштай. Тэрээр хурдан адуу бий болгох уях сойх, засах монгол уяачийн эрдэмд олон жил суралцахдаа олон хурдан хүлгүүдээр наадаж бахархаж явахын зэрэгцээ өсвөр үеийн олон залуу уяачидад сургамжтай сайхныг хуучилж суудаг ёстой  л цөлх эр хүн, “хөдөөгийн хөх уяач” монгол малчин хүн юм.

Хөвсгөл аймгийн Мөрөн сум 2013.04 сар
 “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна