Аймгийн Алдарт уяач Ч.Пүрэв:Дамдиндорж заанд шидүүлсэн шарандаа сурсан өмсөх мэхнийхээ ачаар өдий зэрэгтэй яваа
Сөөнгөтсөн хоолойгоор пөг пөг инээн, хууч хөөрөх энэ буурлыг Чулууны Пүрэв гэдэг. 1933 онд Тосонцэнгэл сумнаа төрсөн тэрээр аймгийн Алдарт уяачаас гадна, аймгийн начин цолтой цагтаа цалгиж явсан эр юм. Хоймор нутгийн хийморилог эрсийн төлөөлөл болсон буурал уяачийн яриаг тухлан сууж таалан болгооно уу?
-Нутгийнхан таныг “өмсдөг” Пүрэвээ гэх юм. Начны дархан мэх юмаа даа?
-Тийм санаатай юм. Яагаад ийм нэртэй болсноо яръя л даа. Улсын заан “хулгар” хэмээх Дамдиндорж гэж манай Тариалан сумын нэг өвгөн байлаа. Би цэрэгт байхдаа Барилгачин соёлын ордны барилдаан дээр Дамдиндорж зааныг Дэмүүлтэй хамт хаячихсан юм. Дэмүүл тэгэхэд улсын арслан болоогүй байсан үе л дээ. Түүний дараа “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд болсон барилдаан дээр Дамдиндорж гуай намайг гурвын даваанд амлаж аваад өмсөөд хаячихдаг юм. Босоод явах гэсэн суух газраа мэдэхээ байчихсан арай гэж суудлаа олж байлаа. Түүнээс хойш өмсөж сурна даа гэж бодоод найз Дундговийн Гүрбазар гэж цэрэг дээр дадлага хийдэг байсан. Эхэндээ ч унаад л байсан. Яваанд өмсдөг болоод тэгээд л түүнийгээ хийдэг болсон юм. /инээв/
-Нутгийн ахын хишиг юм биз дээ?
-Тийм./инээв/Тэгж айхтар унасан болохоор энэ мэхийг заавал сурна даа гэж амихандаа шарлахсан юм байгаа биз дээ. Бидний үеийнхэнд дээдчүүл бусдыг муутгах биш, өөрийгөө сайжруулах гэсэн зөв хор шар байх ёстой гэж сургадаг байсан. Тэр ч бас зөв юм шүү. Аливаа юманд хаяа ч гэсэн ирлэгдэж байх хэрэгтэй.
-Цэрэгт явахаасаа өмнө барилддаг байв уу?
-Нутгийн ах нарын гар хөлийн чилээ гаргаж, үе тэнгийнхэнтэйгээ ноцолдолгүй яахав.Цэрэгт очсон хойноо жинхэнэ утгаараа барилддаг болсон.Цэргийн спартикадад шөвгийн дөрөвт ч үлдэж явлаа. 1962 онд улсын наадамд барилдан дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн харьяат Пүрэвээд унасан. Пүрэвээ тэр жилээ начин цолоо алгасаад заан болж байсан юмдаг. Тэгэхээр ир бяр нь жигдэрсэн байсан байлгүй. Надтай хамт цэрэгт Завхан аймгийн Баттогтох, Гомбо, Өвөрхангайн “муухай” хэмээх Санжаа, Булганы “жижиг” Санжаа, Цэрэн, “Барилгачин” нийгэмлэгийн Зундуй, улсын Арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир нарын бөхчүүд алба хааж байлаа. Тэднийхээ хамгийн муу нь би.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэж мэдсэн сурсан зүйл багагүй биз?
-Цэргээс халагдаж ирчихээд хүнсний үйлдвэрт нэг жил ажилласан. Хагас бүтэн сайны барилдаануудад нэгдүгээр байр, хоёрдугаар байранд л орно. Өнөөх өмсдөг мэхээ хийгээд шүү дээ. Тэр үед залуу ч байж дээ.
-Хэдэн онд аймгийн начин цолоо авсан юм бэ?
-1965 онд аймгийн начин болсон. Спартикадад барилдаад начин болж байлаа. Тэр үед спартикадын амжилтаар цол өгдөг байсан юм.
-Таныг ид барилдаж байх үед өгөө аваатай барилддаг ямар бөхчүүд байв?
-Одоо энэ Дашням, цагдаагийн Аюуш, Норовсамбуу, “мангар хар” хэмээх Дугаржав, Цагаан-Уул сумын “тавхай” Оросоо, Жам гээд олон бөхчүүд байсан даа.
-Таныг “цагдаагийн” Пүрэвээ гэдэг юм билээ. Яаж яваад хуулийн хүн болчихсон юм бэ?
-Цэргээс халагдаж ирээд хүнсний комбинатад нэг жил ажиллаад, 1964 оны 9 сард цагдаагийн байгууллагад орсон. Хуулийн байгууллага энэ тэр гэж сүржигнэх ч юу байхав. Би чинь нарийн яривал боловсрол нимгэнтэй хүн шүү дээ. Сургуульд сураагүй, нэгдлийн адуучин байж байгаад цэрэгт явчихсан. Халагдаж ирээд оройгоор дөнгөж 4-р анги төгссөн. Манай аймгийн Сэргийлэхийн дарга хурандаа Самдан гэж өвгөн байлаа. Бөхөд их дуртай, хэлтэстээ баахан бөх цуглуулчихсан. Тэдний нэг нь би. Ер нь Дамдиндорж заанд шидүүлсэн шарандаа сурсан өмсөх мэхнийхээ ачаар цагдаагийн байгууллагат орсон хүн дээ. Нэг өдөр дэлгүүрт явж байсан чинь Самдан гуай тааралдаад, “чи манайд орохгүй юу” гэхээр нь би тэр дор нь зөвшөөрсөн. Одоогийн хүүхдүүдэд үлгэр шиг санагдаж магадгүй. Биднийг багад “Багийн бүлгэм” гэж 14 хоног суулгаж бичиг үсэг заадаг байлаа.Самбар дээр үнс түрхээд саваа модоор үсэг бичнэ. Бор гэж өвгөн Чулуутын бүлгэмд багшилдаг. Аягаар дүүрэн боов хөшиглөөд тавьчихна. Тэгээд урьд өдөр нь самбар дээр бичсэн үсгийг асуугаад уншиж чадахгүй бол аягатай боовоо өгөхгүй, дээр нь нэмээд бургасаар нүдүүлдэг байлаа. /инээв/Самбар дээр бичсэн шинэ үсгийг уншиж чадахгүй бол өглөөний цай уух эрх байхгүй. Тэгж үсэг сурсныхаа ачаар би ардын армид очоод жагсаалын дарга болсон. Түүнийхээ дараа Сэргийлэхэд ороод 27 жил цагдаа хийсэн хүн.
-Тэгээд хэдийнээс морь уях болсон юм бэ?
-Нарийн яривал би чинь 1954 оноос эхэлж морь уясан хүн. Анх 1957 онд Тосонцэнгэл сумандаа нэг хүрэн морь түрүүлгэж, 1958 онд хоёр шарга морины нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь аман хүзүүдүүлж байлаа. Цэрэгт яваад, барилдаж ноцолдоно гээд нэг хэсэг завсарласан л болохоос биш. Гэхдээ цагдаад байхдаа ажлын хажуугаар морио уядаг байсан. Би Тариалан, Их-Уул сумдад ажиллаж байсан. Улсын баяр дөхүүлээд амралтаа авчихаад морио уяна. Миний нэг сайхан хонгор азарга байлаа. Хөвсгөл аймагт анхны уяачдын галыг гаргасан хүн бол би. 1984 онд цоо шинэ Иж-Планет 3 мотоцикльтой залуу давхиж очоод л 7-8 хүмүүстэй хамт уяж байлаа. Морио мордуулчихаад завсар зайгаар нь барилдана. Морь цоллоход бөх дуусаагүй л байна. Дундуур нь очоод цоллуулчихдаг байсан.
-Анхны аймгийн Алдартуудын нэг гэж дуулсан юм байна?
-1992 оны аймгийн Алдарт уяач. Тэр үед өндөр Шагдар, Намсрайдорж зэрэг 12 хүн Алдарт уяач цолыг авч байлаа. Надаас хойш морь уясан, амжилтаараа тааруу хүмүүс улсын цол авчихсан хэр нь надад өгөөгүй. Яагаад гэдгийг мэддэггүй юм.Сүхээ намайг 30 адуу айрагдуулсан байна гэж байна лээ.Тэр үнэн байхаа. Айраг түрүү тасарч байсан нь цөөн. Хамгийн сүүлд 2003 онд аймгийн наадамд саарал азарга маань айргийн таваар, саарал шүдлэн маань айргийн дөрвөөр давхисан. Одоо ч нас яваад хүү маань л уяж байна. Хонгор азаргаа овооны наадамд 7-8 түрүүлгэчихээд байх шиг байна.
-Эрийн гурван наадмын хоёроор нь наадсан он жилүүдийн хамгийн сайхан дурсамжтай нь хэдэн он байв?
-Цагаан-Уул сумын “Буман хонины баяр” л их сэтгэлд үлдсэн дээ. Бас өөр сэтгэлд үлдсэн наадам гэвэл 1964 оны Тосонцэнгэл сумын наадам байна. Би уг нь Тосонцэнгэлд төрсөн хүн боловч сумаасаа багаасаа гарсан учраас намайг жаахан боорлохоод байхгүй юу. Тэгэхээр нь түүнийг нь мэдрүүлсэн юм./инээв/
-Яаж тэр вэ?
-Би сууж өмсөөд, дэрлээд хаячихдаг юм. Тэгсэн намайг нэг нөхөртэй барилдсан чинь унасан болгодог юм байна, сууж өмсөхийг мэдэхгүй. Тэгэхэд өндөр Готов надад "чамтай үерхэж болохгүй, хэрэв чамтай үерхвэл энэ залуучууд намайг ална ш дээ" гэж байна. Тэр наадамд түрүүлсэн бөхөд цоохор үрээ өгнө, түрүү моринд алаг даага өгнө гээд амлачихсан байсан юм. Тэгээд барилдлаа, намайг унагасан болгох гээд байхаар нь сууж өмсөхөө болиод босоо өмсөөд, үзүүр түрүүнд Чулуунтай үлдэж даваад түрүүллээ дээ. Тэгсэн чинь түрүүлсэн бөхөд цоохор үрээ өгнө гэж байснаа болиод алаг даагаа хөтлөөд ирдэг юм байна. Нөгөө даага нь ч ааштай юм. Тавагтай идээгээ олон түмэнд тарааж өгөөд, талийгч дүүгээ ганзаганаас ногт аваад ир гэлээ. Ганзаганд ямар юмны ногт байхав дээ, чөдөр л байсан юм чинь. Дүү маань ухаантай болохоор унаж явсан морио чөдөрлөчихөөд ногтыг нь аваад ирлээ. Өнөө даага цамнаад сүйд. Тэгэхээр нь шанаадаж аваад, тонгорч дарж унагааж байгаад ногтолчихсон. Тэр үе л бахдалтай сайхан санагддаг юм. Намайг тэгж бөхөд түрүүлэхэд миний уясан морь 7-8 хавиар давхисан. Миний дүү унаж байсан юм.
-Залуу хүний шар юм биз дээ?
-Харин тийм. Дурсамжтай гэвэл 1980-аад оны үед Түнэл сумын наадамд хонгор азаргатайгаа очсон тэр үе бас байна. Морио хөтлөөд булгийн эх рүү ороод зогсож байсан, азарга маань унтаад л байна. Үгүй энэ яахаараа унтдаг юм бол гэсэн юм бодогдоод тавиад орхисон чинь азарга маань сайхан түрүүлсэн. Хонгор азарга маань намайг олон баярлуулсан даа хөөрхий. Түнэлд түрүүлэхдээ Жанцан гуай Гүржав гуай хоёрын азаргануудын өмнө орсон юм. Тэгсэн аймгийн 60 жилийн ойгоор даагаа нэхэх гэж ирээд “хонгор азарга ч больчихожээ ирэхгүй байх” гэж байна шүү. Тэгтэл миний дотор пал хийгээд явчихлаа. “За одоо яадаг юм билээ” гээд л. Гантай жил байсан болохоор хөөрхий тураад хохийчихсон байхгүй юу. Тэгээд унаач хүүдээ захилаа “Ахын дүү азаргаа явахаа больчихвол шонгийн модноос уячихаад, комиссын машинд суугаад ирээрэй гэж, бас даргадаа ч захилаа хүүг маань машиндаа суулгаад ирээрэй” гэж. Манай дарга хурандаа Бандихүү миний азаргыг хараад “Хн ийм азарга яаж давхидаг юм бэ” гэж байна. Мордуулчихаад цай ч ордоггүй, ирээд сууж байсан талийгч Дашдорж “чиний хонгор азарга ганцаараа тасраад гараад ирлээ” гэнэ. Тэгсэн итгэдэггүй, тоглож байна гэж бодолд “битгий худлаа яриад бай” гэчихээд буруу хараад тамхиа ороогоод суугаад байлаа. Тэгсэн хөөрхий минь мөн байна, мордоод урдаас нь гуядчихсан. Хөлсийг нь хусаад зогсож байтал дарга хажууд ирээд машинаасаа бууж ирснээ намайг барьж үнсээд “Чи ч эр хүн юм. Азарга чинь ч азарга юм” гэж билээ.Миний хонгор азарга аймгийн наадамд гурав түрүүлж, гурав айрагдсан сайхан буян.
-Унаган адуу юу?
-Үгүй ээ. Аймагт гурав түрүүлсэн хул азарганы эзэн Базаррагчаагаас авсан юм. Миний хонгор, тэр хул азарга хоёр чинь цувж гарч ирсэн хурдан азарганууд байгаа юм. Тэдний ардаас долоо түрүүлсэн Зоригтын бор,түүний дараа Намсрайдоржийн хоёр хээр, дараа нь Балдандоржийн хээр, Наянжингийн хээр гэсэн хурдан азарганууд гарсан. Эр хүн хийморьтой байх сайхан шүү дээ. Ингээд чамд ярьсан чинь сэтгэл хөнгөрөөд сайхан болчихлоо. Одоо бол сайхан дурсамжуудаа санаж л сэтгэлээ баясгаж явах юм даа.
-Сайхан дурсамж хүүрнэсэн танд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Баярлалаа, та бүхэнд. Бидний дэмий яриаг дуулан, монголын уяачдын гүүр болж байдаг “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олны ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна