“Хурдан борлог”-ийн түүх оршвой

Наранхүү
2013 оны 4-р сарын 26 -нд

1980-аад оны сүүлч 90-ээд оны эхэн үеэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд ихэд алдаршин нэрд гарч байсан хурдан их насны морьдын нэг бол 5-р багийн нэрт уяач Н.Доржгочоо агсаны хурдан борлог морь билээ. Хурдан борлог морь 1-р багийн малчин ард Наянтай гуай хэмээх буурлын унаган хүлэг бөгөөд дааган цагтаа өөрийн уяач эзэндээ ирснээр тоот хурдны тоонд багтаж, торгон жолоо өргүүлж 1983 онд анх шүдлэн насандаа аман хүзүүнд хурдалж амжилтын гараагаа эхэлсэн билээ. 1984,1985 онуудад хязаалан, соёолон насандаа дараалан аман хүзүүдэж, хавчиг насандаа 9-д хурдалсан байна.
1987 онд Ардын хувьсгалын 66 жилийн ойн их баяр наадам, Тосонцэнгэл сумын баяр наадамд мордсон шандаст хурдан их насны морьдын уралдаанд 2-р багийн нэрт уяач П.Даваажав агсны уяж хурдлуулж байсан “Цэгийн бор” хэмээх хурдан хүлэгтэй уралдан ирж арайхан дутаж аман хүзүүнд хурдалж байсан бол энэ наадмаас хойш Тосонцэнгэл сумандаа тасралтгүй 4 жил дараалан 1988,1989,1990,1991 онд түрүүлэн ирж “Түмэн эх”-ээр цоллуулжээ. Хурдан борлог морь сум орон нутагтаа болсон зун, хаврын орон нутгийн чанартай олон наадамд түрүүлж айрагдсанаас гадна 1989 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд болсон “Дөрөө нуур”-ын баярт 3 /Архангай, Хөвсгөл, Булган/ аймгийн 10 гаруй сумдын морьд оролцсон уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан бөгөөд 1990 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан цуутай хурдан хүлэг байлаа.
Хурдан борлог АХ-ын 70 жил, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 60 жилийн ойн их баяр наадамд 400 илүү хурдан шандаст их насны морьдын уралдаанд тоосоо өргөж эхний 10 гаруй морьдтой зуузай холбон эрчилж яваад хөндлөн замын даланд хөлөө эвгүйхэн гишгэж, гэмтсэнээс хойш их уралдааны замд дахин мордоогүй юм. Хурдан борлог морь шинж байдлын хувьд ихэд биерхүү, өндөр сэрвээ өндөр, ханхар өргөн цээжтэй,чих толгой сайхантай ер нь шинж төгс хүлэг байлаа. Хурдан борлог морины үзүүлсэн амжилтаас нь  үзвэл сумандаа 4 түрүү, 4 аман хүзүү, Түнэл суманд 1 түрүү, аймаг болон аймгийн бүсийн чанартай наадамд 2 аман хүзүүлсэн гээд бодоход Тосонцэнгэл сумын маргахын “магнай” хурдан их насны морь гэж өргөмжлөн ярилцдаг билээ. Нэрт уяач Н.Доржгочоо агсан хурдан борлог мориноос гадна хээр алаг, хул алаг зэрэг хурдан шандаст хүлгүүдийг сум орон нутагтаа уяж, олон айраг түрүү авч байжээ. Хурдан борлог морьтой хурд булаалдан байсан  тэр үеийн их насны морьдоос дурдвал Эрдэнэдаваагийн их, бага алаг морьд, Шарав гуайн халтар морь, Д.Гэндэнсүрэнгийн сартай хүрэн морь, Монхор даргын улаан гээд олон хурдан хүлгүүдийг нэрлэж болно.

Т.Наранхүү


 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.