Босоогийн унаган адуу улс бүсэд 17 айрагдаж, түрүүлсэн

Санжаадорж
2013 оны 4-р сарын 01 -нд

Монголчууд эрдэмт уяач, хүчит бөх, мэргэн харваачдаа хүндлэн дээдэлдэг улс. Эдний нэг хурдны өлгий нутаг Хэнтийчүүд эрдэмт уяачдаа эрэмбэлэн хүндэлдэг ёс суртахуунтай ард түмэн. Өөрөөр хэлбэл улсын цолтнуудаас доогуур цолтой ч дээгүүр эрэмбэтэй уяачид энд олон бий.  Тийм нэгэн уяачийн тухай  энд тэрлэн өгүүлэхийн учир нь. 
 Нийслэлээс зүүн аймгийг, Дорнод, Сүхбаатараас Улаанбаатарыг зорих уяачид аль аль нь Өндөрхаан хотоор дайрахдаа ёс юм шиг  уяач Босоожамсрангийнхаар буудаллаж, мэндийг  нь мэдэж, хүндэтгэл үзүүлдэг нь уламжлалтай болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тод манлай Дуламсүрэнгээс эхлээд моринд дурлагчид, нутгийн үе үеийн уяачид, залуучууд тэднийхээр  тасрахгүй. Нэрийг нь товчлоод  “Босоо” ах л гэцгээнэ.  
 Хар багаасаа адуутай нөхөрлөж, улмаар нэгдлээс ажлын гараагаа эхэлж байсан тэрээр малч, ажилсагаараа тэргүүнд шалгарч, цаг чанга үед  “алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан шаггүй залуу  явжээ.  Тэр бас адуунд хайртай сэтгэл, уяачийн  эрдмээрээ  адуун  сүргээ өсгөн,  угшлыг нь хадгалсаар ирсэн монгол эр хүн билээ.
   Өнөө үед  уяач “Босоо”-гийн унаган  адуу  улс бүсийн наадамд 17 удаа айрагдаж түрүүлсэн нь уяачийн өндөр эрэмбийг төвөггүй илтгэх бизээ. Улсын начин Дуламсүрэн, сайд асан Нямдаваа нар зөвхөн “Босоо”-гийн унаган адуугаар хоёр жилийн хугацаанд Монгол улсын Манлай, улсын Алдарт уяач цолны болзол хангаж байлаа. Харин өөрөө жар гаруй айраг түрүү авсан байдаг юм билээ. Хамгийн анх хурдтай болохдоо аавынхаа өгсөн Орлойн мойног хонгор угшилтай “босоо хонгор” нэртэй  хурдан азаргатай байжээ. Түүнийг залгамжлаад Хардэл жанжин бэйсийн гуч хүү гүний Гомбосүрэн гуайн өгсөн “оодон зээрд”,  Өвгөн ноёны  “норов хүрэн” угшлын “энхээ зээрд”, Уулбаян сумын угшилтай Шийнэн хээр, Мөнххаан сумын “эрүү” Лхагваагийн адууны “хээр буудай” гээд шинжиж сонгосон хурдан азарганууддаа гүү тавих ухааныг мэдэрч өөрийн удамт сүргийг бий болгожээ. Энэ л удамт  сүргээс олон хурд төрсөн  байдаг. Энд зөвхөн  улс бүсийн айраг түрүүг тоймлон хүргэхэд:        
1. Зээрд азарга - Дундговь, Архангай, Говьшанх, Цагаандэлгэр бүсийн уралдаанд нэг түрүүлж, гурав айрагдсан, 
2.  Хүрэн даага -  Цагаандэлгэр,  Дундговийн бүсэд түрүүлж, аман хүзүүдсэн.
3. Зэгэл соёолон морь - Дундговь аймгийн бүсэд  аман хүзүүдсэн
4. Хээр үрээ Тод манлай Дуламсүрэн айрагдуулсан
5. Ховд аймагт Нямдаваа хээр үрээг түрүүлгэсэн
6. Зээрд морь - Өвөрхангайн бүсэд Дуламсүрэн түрүүлгэж, Эрдэнэтэд айрагдуулсан
7. Хэнтий аймгийн зүүн бүсэд  Эрдэнэсүхийн зээрд үрээ айрагдсан.
8. Өвгөн ноёны наадамд Босоожамсрангийн хээр үрээ айрагдсан
9. Өвөрхангай аймгийн Төмөр-Уяагийн буюу сайд Бадамжунайн  зээрд халзан соёолон 2012-2013 онуудад Ховдын бүс, улсын наадамд айрагдсан амжилтыг гаргаад байгаа юм. Үүний дээр аймаг, сумын наадмуудын амжилтыг тоолоод барамгүй.
Тэрээр нэгдлийн суурь адууг хариулж байхдаа ч, өнөөгийн өөрийн хоёр, гурван зуун адууг ч тэмдэглэлгүйгээр цээжээрээ  мэдэж, удам угшлыг нь сайжруулсаар  өдий хүрсэн  хүн.  Тэр бүү хэл Хэнтий аймгийн Мөрөн, Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр зэрэг ойрын сумдын болон аймаг, нийслэлд тодроод байгаа адууны угшил, гарвалыг ч хэлчихдэг ёстой л өнөө “амьд архив” гээч гэж хэлж болно. Тиймдээ ч “Босоо” ахаас асууя,  “Босоо” ахаар шинжүүлье гэх олны хүсэлт ийнхүү хөвөрсөөр өдгөө түүнийг андахгүй хүнгүй болжээ.
Ж.Босоожамсранд аав Жанжаа нь  “миний хүү авъя гэвэл байгаа юмаа өгөөд л авч бай. Авч чадахгүй бол хүний юманд хий битгий шунаж байгаарай”  гэж сургадаг байж. Ийнхүү эцгийн сургаалиар өсөж өндийсөн “Босоо“ уяач аливаад жудагтай хандаж ирсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээх нь бий. Тэрээр нэг үе авч ч чаддаг, уяж ч чаддаг,  болохгүй, бүтэхгүй зүйлгүй  явж байх  тэр үедээ бусдаас этгээд  нэгэн  наймаа хийжээ.
  Баянхутаг суманд  бага насандаа айраг түрүү алдаагүй, хавчигт нь уяач “Шонхор” Лувсандорж уяж түрүүлгэсэн Энхээ хүүгийн “зээрд” азарга нэрд гарч ирэв. Өвлийн уралдаанд хэд түрүүлгээд наймтай азарга аймагт уяад хөлийг нь муудуулснаас хойш  уралдах боломжгүй болжээ. Тэгээд ч нас нь 11 хүрсэн байв.
“Энхээ зээрд” гэх энэ азарга нь Өвгөн ноёны “норов хүрэн” удамтай. Тиймдээ ч төл сайтай байгаад зогсохгүй уралдаж ч болмоор бодогдоод байхаар нь тэр үеийн хурдан адууны хамгийн дээд  үнээр 6500 төгрөгөөр худалдан авсан байна. Тухайн үед үүнийг сонссон хүн болгон л гайхаж байжээ.  
Уяач “Шонхор” хэмээх Лувсандорж: - Босоожамсран чи хөлгүй азарга ийм өндөр үнээр авдаг юм байна. Хүүхдийг чинь дараад эндээчихвэл ямар үнэ төлөх вэ?  гэж зэмлээд авчээ. Хожим сонсохнээ мань хүн “Энхээ зээрд”-ээс төл авах гэж наймааг буцаалгах зорилгоор тийм үг хэлсэн юм билээ.
 Босоожамсран “энхээ” зээрдийг аваад домбон бороотой хөлийг нь хатгаж эмчлээд хойтон жил нь Мөрөн сумандаа таван настай Оосордагва хүүгээрээ унуулж түрүүлгэжээ. Энэ наадамд “Босоо” уяач азарга, их нас түрүүлгэж  гурван айрагтай одтой нааджээ.
Үүнээс хойш Босоожамсрангийн “энхээ зээрд” дахин уягдаагүй. Харин эр төл болгон нь хурдалж, эм төл болгон нь сав сайтай гүү болцгоожээ. Өдгөө энэ зээрд азарганы үр удмаас Баянхутаг сумын Зундуйжамцын хээр азарга, Мөрөн сумын “мөлзөн” Лхамсүрэнгийн зээрд азарга, Амарсанаагийн зээрд азарга, Босоожамсрангийн зээрд буюу Нямдаваагийн зээрд азарга (Дундговь, Цагаандэлгэрийн бүсийн наадамд түрүүлсэн), Баянхутагийн Мөнхдагвын зээрд азарга, Мөрөнгийн Тунгалагийн хонгор азарга, Цаниагийн зээрд азарга, Пэрлэймаагийн зээрд азарга, Амармөнхийн хонгор азарга, Доновоогийн бага бэлэвсэн зээрд, Амгалангийн Батын зээрд азарга, Хасын  Даваажавын хонгор азарга, Тод манлай Дуламсүрэнгийн хүрэн морь, Норовын зээрд азарга, Галшарын Ухнын хул азарга, Энхсүхийн хонгор морь, Босоожамсрангийн Оосордагвын хээр азарга, Баянхонгорын Батаалайгийн хул, Мөрөнгийн Ц.Оюун-Эрдэнийн хүрэн азарга, Дэжсүрэнгийн Дамдингийн хонгор азарга, Б.Мягмарын зээрд азарга, Ц.Энхбатын зээрд азарга, “сайд” асан Нямдаваагийн хонгор азарга Галшарын “дураараа” М.Мягмаржавын зээрд, ”нүхийн” Дугаржавын Лундаажанцангийн зээрд гэхчилэн  нутаг орондоо нэртэй хурдан буянгууд төрсөн нь “Босоо”-гийн адууны нэг л хэсэг юм.
 Ийнхүү Хэнтий аймгийн Баянхутаг сумын аймгийн Алдарт уяач Босоожамсрангийн удамт сүргийн унаган хурд төрсөөр, хурдалсаар байна.

Намсрайцэрэнгийн Санжаадорж    

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна