Нийслэлийн 370 жилийн ойг тэмдэглэж байснаас Улаанбаатар гэж нэр солигдсоны ойг хийдэггүй

Санжаадорж
2013 оны 3-р сарын 28 -нд

Аливаа ой тэмдэглэх нь хүндэтгэх,  сайнаар  дурсах, өвлөн залгамжлах гүн агуулгыг илэрхийлж байдагт мөн чанар нь оршдог.  Төрсөн өдрийн ойгоос эхлээд  төр мандасны ой гэж байна. Тэр бүү хэл үгүйрч хэлмэгдсэний ой, өөр нэртэй болсоны ой гэж хүртэл байх юм.  
Энэ жил Хэнтий, Төв, Архангай, Завхан аймгууд болон нилээд сумдуудын 90 жилийн ой тохиож буй. Тиймдээ  хандив цуглуулах аян хэдийнэ эхлээд авсан аж. Жинхэнэ утгаараа тэмдэглэх ёстой ой  бол ингэх нь буруу биш л дээ. Харин ой тэмдэглэх нэрийн дор  “Аймаг хөгжүүлэх сан” гэх мэт албаны нэртэй хувийн дансанд  хандив  цуглуулж, удалгүй өнөөх нь нохойн замаар ордог явдал байдагийг бодох учиртай юм.  Нөгөө талаар 90 жилийн ой тохиож буй эдгээр аймгууд үүнээс өмнө ч байсан гэдгийг сануулмаар санагдсанаа нуух юун.  Засаг захиргааны шинэ өөрчлөлтөд орж, аймаг, хошуудын  нэрийг солиход Сэцэнхан аймгийг Хан Хэнтий уулын аймаг, Түшээт хан  аймгийг Богдхан уулын аймаг, Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг, Засагт хан аймгийг Завхан мандал уулын аймаг болгоод хамтруулан хошуудын  нэрийг ч нэгэн зэрэг  сольж өөрчилсөн байдаг. Ингэж нэр нь солигдсон болохоос шинэ аймаг байгуулагдсан юм биш.
 Үүний дараа 1931 онд бас дахин аймгийн нэрийг  сольж, хэд хувааж, хошуудыг татан буулган жижигрүүлсэн байдаг. Нэр солигдсоноор он тооллыг тооцож ой хийдэг юм бол хамгийн сүүлд нэр солигдсон нь энэ байгаа юм.  
 Хэрэв анх байгуулагдсан он цагаар аймаг байгуулагдсаны ойг тэмдэглэх ёстой бол тухайлбал  аль 386 жилийн өмнө 1827 онд алтан ургийн Шолойг  хан ширээнд залснаар халхын Сэцэнхан аймгийн түүх эхэлдэг юм. Халх дөрвөн аймаг аль нь ч ялгаагүй өөр өөрийн төрсөн онуудтай.     
    1990 оныхон  Ардчилсан хувьсгалыг хийхдээ  70 жил буруу замаар явж ирснийг тунхаглан зарлаж байсан нь саяхан. Коммунист нийгмийг  өөрчлөн  ардчилсан, хөрөнгөт нийгмийг цогцлоож, феодал, хөрөнгөтөн хэмээн цаазлуулсан эх орончдоо одоо ч цагаатгах их ажил дуусаагүй байна. Одоо тэгэхээр   бидний өвөг дээдэс эх орончид, сэхээтнүүдийг  маань ангичлан хэлмэгдүүлсэн коммунист үйл явдлын  ой болж таарах нь ээ. Үнэн байдлыг харах юм бол үндэсний  удирдагч Бодоо, Данзан Сүхбааатараас эхлээд 37,000 хүнийг цаазлан,  яргалал үйлдсэн коммунист тогтолцооныхоо ойг тэмдэглээд л байх юм бол ардчилсан нам   засаг төрийн удирдлаганд  гарах хэрэг байгаа гэж үү. 
          Монгол улсын нийслэлийн  370 жилийн ойг тэмдэглэж байснаас  Улаанбаатар  гэж нэр солигдсоны ой гэж хийдэггүй биз дээ.  Нэрээ сольсон хүн насаа төрснөөсөө л тоолдогоос нэр сольсон өдрөөс эхэлж тоолдоггүй юм.     
  Аймгийн нэр солигдсоныг аймаг байгуулагдсан ой гэж андуураад  байгаа юм шиг. Эсвэл мэдэн будилж коммунизмаа  санагалзаад, магтаад ч байгаа юм шиг.  Үүнтэй зэрэгцээд сумдын ойнуудын учир бүр олдохоо байсан. Сумын дарга нь зохиогоод  л хийчихдэг болсоор хориод жил болж байна.
Ой тэмдэглэж байгаа  утга учрыг ард түмэн мэддэг, ашиг тусыг нь ч  гадарлаад  байдаг юм.   Аль 1970-аад оны үед хүүхэд байхад  Лениний 100 жил, нэгдэл байгуулагдсаны 20 жилийн ойн тухай “ үхсэн оросын 100 жил, үгүйрэл хоосролын 20 жилийн ой “ гэцгээж байдагсан. Өнөөгийн  хөдөөнийхөн  “үнэн худлаа нь хамаагүй ой гэхээрээ л морио гайгүй байлчих байх, нэг морь оруулчих юмсан” гэцгээх юм.  
Наадам цэнгээн гэдэг төр засаг , эрх баригчдын хир хэмжээ  хүсэл бодлын илэрхийлэл байсаар ирсэн. Өнөөгийн төр засаг өөр л болсон баймаар юм даа.

  Намсрайцэрэнгийн Санжаадорж  

 


 

  

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна