“Монгол уяач 3000” зөвлөгөөн Хэнтий аймагт болов

Санжаадорж
2013 оны 3-р сарын 27 -нд

 ММСУХ- оос Хэнтий аймагт  зохион байгуулсан  “Монгол уяач 3000 “ зөвлөгөөн  2013 оны гуравдугаар сарын 24-нд амжилттай болж өндөрлөлөө. 
 Зөвлөгөөнд ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, холбооны хоёр дахь ерөнхийлөгч У.Буяндэлгэр, тэргүүлэгч Мөнхбаясгалан, Төмөрбаатар, Тод манлай уяач С.Дуламсүрэн, Ц.Хэнмэдэх, Манлай уяач Б.Бат-Өлзий, ажлын албаны Я.Болдбаатар, Отгоо нар хүрэлцэн ирж оролцлоо. Хэнтий аймгаас Засаг дарга Ж.Оюунбаатар, ИТХ-ын дарга  С.Пүрэвжав, “Сэцэнханы хүлэг” холбооны тэргүүн Батжаргал нар болон аймгийн сум бүрээс 5-15  уяачдын төлөөлөл оролцсон юм. 
 ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдын илгээлтийг ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн уншиж танилцуулав. Улмаар холбооны бодлого, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгч, халуун ярилцлага өрнүүлсэн нь төлөөлөгчдийн сэтгэлд ихэд нийцэв. Ялангуяа “Монгол хүүхэд унаад, монгол адуугаараа уралддаг үндэсний морин уралдааны  энэ их соёлыг хэвээр хамгаалж, хөгжүүлэх нь гол бодлого зорилт байх болно”  хэмээн онцлон тэмдэглэсэн нь  олны талархлыг хүлээлээ. Ингээд аймгийн уяачдын холбоо, хүүхдийн төлөө төвтэй хамтарч ажиллах гэрээ байгуулж,  гарын үсэг зурж баталгаажууллаа. Зөвлөгөөнд оролцогчид хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг ашиглахыг 100% дэмжиж, харин малгай хантааз нь хүүхдэд таарамжгүй, хулхи бараа байдгийг шүүмжилж , хүүхдийн байгууллага үүнд анхаарч ажиллахыг хүсч  байлаа. 
Зөвлөгөөнд оролцогч Баянхутаг сумын харьяат 80 настай эмээ Хишигням гуай: таван настайгаасаа хурдны морь унасан. Өөрийн эцэг Төгсийн Балжинням нь сайн уяач хүн байсан. Ардын Хувьсгалын 29,30,31 жилийн ойд уралдан хоёр жил айрагдсан тухайгаа ярьсны дээр одоо ч ганган морио унаад наадамладаг тухайгаа сонирхуулсан юм. Тэрээр багаасаа морь унасан болохоор бие эрүүл яваа маань баталгаа болох буй за хэмээн өгүүлсэн.  Энэ үеэр “Сэцэнханы хүлэг” холбооноос  “шилдэг унаач “ хүүхдүүдийг шагнаж урамшуулсан юм.
П.Сэргэлэн дарга хэлэхдээ:  Бид  монгол адуугаа  энэ жил “дэлхийн адууны “ бүртгэлд бүртгүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Үүний дараа  дэлхийн адууны баярыг монголдоо  хийх юм.  Энэ үеэр дэлхийн морин уралдааны холбооны гишүүн орнуудын олон улсын төлөөлөгчид  ирнэ. Мөн монгол адуугаа сурталчлах, геннисийн номонд тэмдэглүүлэхээр 3000 морины уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа  дуулгана билээ. Уралдаанд оролцсон уяач, унаач хүүхэд, морьдын зургаар католог хийж  хадгалагдах  тухай өгүүлээд Хэнтий аймгийн уяачид  100-аас доошгүй морьтой очихыг  уриаллаа.  
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар зөвлөгөөнийг нээн, ММСУХ-ны удирдлагуудад баяр хүргэн үг хэлэв. Аймгийн засаг дарга  хэлсэн үгэндээ аймгийн холбоогоо бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлээд Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит гудамж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсноо дуулгасанд оролцогчид баяртайгаар  хүлээн  авав.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав баяр хүргэж үг хэлээд Баян-Адарга сумын харьяат МУ-ын Алдарт уяач Гончигийн Содномыг  төрийн дээд шагнал “ Алтан гадас” одонгоор шагнаж энгэрийг нь мялаалаа.   
Мөн П.Сэргэлэн “Сэцэнханы хүлэг” уяачдын холбоо нь ММСУХ-ны салбар мөн гэсэн “Батламж”-ыг аймгийн уяачдын  холбооны тэргүүн Т.Батжаргалд  гардуулав. Мөн тус холбооны үйл ажиллагаанд олон жил идэвхи зүтгэл гарган ажиллаж ирсэн морины зүтгэлтнүүдэд,  тухайлбал: тэргүүлэгч Цагаанзандан, Намсаманд, Өмнөдэлгэр сумын “Айргийн хүлэг” холбооны тэргүүн Эрдэнэбаатар, Батноров сумын “Норовын хүлэг” холбооны тэргүүн Тайванжаргал, Бор-Өндөр сумын “Боржгин-Ажнай“  холбооны дэд тэргүүн Гомбодорж нарыг ММСУХ-ны хүндэт өргөмжлөлөөр шагналаа.
Ийнхүү хурдны өлгий Хан Хэнтийн уяачид нэгэн өдрийг  чуулж өнгөрөөлөө.

Намсрайцэрэнгийн  Санжаадорж       
 
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна