Хонины хонгороо хараад хоёр нүд минь бүрхсэн

Санжаадорж
2013 оны 3-р сарын 20 -нд

 Хурдны нутаг Галшар сумын Сангийн далай бригадын баян “Шуушаа” гэж ажилсаг нэгэн байж. Тэрээр  ажилсаг, малч, аливааг юм болгодог овсгоотой, амьжиргаатай  эр хүн байсан гэдэг. Шуушаа бага залуудаа Дундговийн Түмтийн өртөөнд алба залгуулж байхдаа Баянхонгороос ирсэн айлын охинтой ханилан нутагтаа ирж олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Гэтэл Шуушаа 1980-аад оны эхээр 50 гарч байхдаа тал цус харван хөдөлмөрийн чадвар алдагдахад, эхнэр  нь  садан төрлөө татан гэр, мал, хүүхдүүдээ нүүлгэн өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн Баянлэг суманд очжээ. 
 Галшараас аваачсан хэдэн азарга адуу, үхэр мал нь нутаг таарахгүйгээс үхэж хорогдон, заримыг нь зарж борлуулсаар бүүр цөөрчээ.  Гэтэл байнга унаж эдэлдэг байсан хонины хонгор морь нь тэсвэр заан үлдсэн гэнэ. 
  Галшар суманд Шуушаагийн ах “багвар” Дугаржамц гэдэг сайн адуутай сумандаа байнга айраг түрүү авдаг  байж. Шуушаа ч энэ хурдыг унаж эдэлж өссөн хурдан удмын адуутай хүн.
 Гэтэл Шуушаагийн  хонины хонгорыг нутгийн нэгэн моринд дуртай залуу наадмаар уяна гээд гуйж байгаад тэмээгээр худалдаж авчээ.
 Баянлиг сумын наадам ч болж. Нөгөө залуу хонины хонгорыг уяад ирсэн байв. Шуушаа түүнийг хараад  “Сайхан уясан байна, айрагдчихаж магадгүй” гэж бодогдож байжээ.  Таних хүнгүй татанхай өвгөн наадмын асар хавиар сүүдэр бараадан сууж байтал морь ирлээ гээд хүмүүс бужигналдлаа гэнэ. Шуушаа ч дурандав . Ганц морь хол тасарчээ. Харж байтал хонины хонгор нь мөн гэнэ.  Цээж нь эгшээд л хоёр нүдийг нь нулимс бүрхээд явчихлаа. Баярласныг үгээр хэлэхийн аргагүй !!! 
 Шуушаа хожим ярихдаа “эзгүй газар хоёулхнаа уулзаж байгаа ч юм шиг, нутгийн хүн ирж байгаа ч юм шиг байж билээ. Манай Галшарын  адуу хаана ч  явахад баярлуулна шүү, сайхаан,  сайха!!”  гэж дуу алдсан гэдэг. 
 Шуушаагийн том хүү Дэрийлаа Баянхонгороос цэрэгт татагдан халагдаад шууд Галшартаа ирж сууршин 1980- аад оны сүүлчээр Баянхонгорын  Баянлиг суманд амьдарч байсан гэр орон, ээж ааваа Галшарт буцаан авчирчээ. Галшарынхан өвгөний  яриаг сонсож байснаа   Шуушаагаас “Таны хонины хонгор үнэхээр хурдан морь байсан юм уу? гэхэд Шуушаа:
“Арынх нь даанч явахгүй юм чинь түрүүлэлгүй яахав дээ” гэж байжээ. Хонины хонгор Галшарын угшилтай  байсан болохоор өөр л байсан байлгүй.  Угшилгүй адуу угаасаа давхихгүй шүү дээ. 

Намсрайцэрэнгийн Санжаадорж      


 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна