Над шиг уяач, өм хоёр худалдаж ав…

Санжаадорж
2013 оны 3-р сарын 06 -нд

Сэцэнхан аймгийн Далайвангийн хошуу Халхад хурдаараа айргийн тавд ордог байж. Мөнххаан сум болсоор ч хурд алдаагүй газар. Гэтэл Бүрэнцогтын уурхайн ажилтан Ц.Доржид байдаг түрүүгээ  алддаг болсоор хэдэн жилийн нүүр үзжээ.     
     1967 онд Мөнххаан сумын жолооч “бугалга” Дугаржав  “баадуугийн”  алаг азаргатай уралдана гэж Өлзийтийн бор Чоймчигийн буюу “борын ногоон” гэдэг Түвшинширээ суманд 3 түрүүлсэн азаргыг 10,000 төгрөгөөр авчээ. Энэ тухай дорхноо л Ц.Доржид сонсогдож. Хавар  нь уралдаан зарлагдаж, хүлээсэн мөч ч боллоо. Гэтэл “баадуу” Доржийн алаг азарга хол түрүүлж, “борын ногоон” гуравт орсон байна. Уяач  Ц.Дорж “бугалга” Дугаржавт:
-“Морь мэдэхгүй байж хурдан азаргыг авч ингэж бузарлах гэж дээ. Хайран азарга” хэмээн дуу алджээ. Бугалга Дугаржав “Борын ногоон”-ыг намар нь буруу эдэлж тос залгиулснаас уралдуулж чадахаа байгаад нэгдэлд өгсөн аж. Хожмоо “Борын ногоон”-ы угшлын олон хурдан адуу гарч Түвшинширээ, Мөнххаанаар ихэд тархсан нь одоо ч бий. 
  “Бугалга” Дугаржав “баадуу” Доржийн хэлсэн үгэнд хорсч, санааны мухарт ”баадуу”-г дийлэх гэсэн санаа өвөрлөж явсаар 1971 онд нийгмийн хонгортой хамт уягдаж, улсад уралдаад ирсэн  Сүхбаатар сумын уяач Дашдонойн хурдан улаан азаргыг 10000 төгрөгөөр авчээ. Дашдоной нь “баадуу” Доржийн хүргэн нь байж. Ингээд “бугалга” Дугаржав улаан азаргыг авсан жилээ Дашдонойгоор уяулжээ. Тэр жил уяач Дорж азарга уяагүй юм.
“Бугалга” Дугаржав Мөнххаан сумын наадам дээр ирж  Ц.Доржтой уулзан:
 -Одоо чамтай уралдана даа хэмээн ам бардам дуугарахад “баадуу” Ц.Дорж:
-Чи миний хүргэний өрөөсөн засаатай азаргыг авчихаад надад илүү дутуугаа үзүүлнэ гээд байх юм.  Над шиг уяач, өм хоёр худалдаж аваагүй л бол ... Азарга ч яахав зайлуул хайран амьтан. Чи түүнийг малинд өгнө, эсвэл иднэ л биз. Хүргэний минь хайран азарга хэмээн  бухимдангуй өгүүлжээ. Эндээс харахад “баадуу” хочит уяач Ц.Дорж адуугаараа ч, амаараа ч дандаа дийлж уралддаг нэгэн байжээ. 

Н.Санжаадорж   2013.02.01.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна