Д.Батбаяр: Бор үрээг нутгийн дүү маань бэлэглэсэн

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

- Сүүлийн гурван жил төрийн наадмын хишиг хүртлээ. Бор хязаалан “Зоос” борын дүү гэж үнэн үү?
- Зүс нь ижилхэн болохоор хүмүүс тэгж яриад байгаа юм. Уг нь угшил нь өөр л дөө. Гэхдээ би их билгэшээж байгаа. Зоос чинь Сүхбаатар, харин энэ  Дорнод гаралтай адуу. Гэхдээ дүү бор гээд биччихэд буруудахгүй л юм байгаа юм.
- Яагаад?
- Өнгөрсөн жил “Зоос” борыг төрийн наадамд түрүүлэхэд нь нутгийн дүү Тэрбиш маань бэлэглэсэн юм. Би билгэшээгээд зээ хүүдээ бэлэглэсэн энэ жил айрагдчихлаа. Тэгэхээр дүү нь гэж бичихэд болохгүй юм байхгүй л дээ.
- Энэ жил хичнээн адуу уясан бэ?
- Их нас, хязаалан, шүдлэн гурав л уясан.”Зоос” бор маань  энэ жил хавчиг болохоор улсад өнжөөгөөд “Сэлэнгэ-2010” бүсийн уралдаанд давхиулж, түрүүлгэсэн. Хязаалан улсад айрагдаж, шүдлэн маань Зүүнхараа, болон Сэлэнгийн бүсийн наадамд  тус тус аман хүзүүдсэн. Ерөнхийдөө уясан хэд маань бүгд орсон.
- Уяачаа сольсон сураг байсан?
- Гал маань томроод олон бүсийн уралдаантай байсан болохоор туслах уяач Батболд маань жинхлэн, миний морьдыг уяж, хүү Лхагвадорж нь бор үрээг маань унасан.
- Одтой сайхан наадаж байгаа таныг хараад эргэн тойрныхон тань моринд урваж байна уу?
- Би нагац ах нь болох манай нэг дүү байдаг юм.Тэр маань байнга намайг дагаж явдаг, моринд хөөрхөн хорхойтой.Бас манай хүргэн нилээд дуртай болж байгаа. Ингээд хэдүүлээ бие биенээ дэмнээд явж байна даа.
- Улсын цолонд хүргэх томоохон наадмуудын амжилтаа тоолж үзсэн үү?
- Улсын наадмаас нэг түрүү, хоёр айраг, бүсийн наадмаас гурван түрүү, нэг айраг хүртсэн байна лээ.

"Тод магнай" сэтгүүл дугаар №7

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна