Онгод далласан О.Отгонбаатарын зээрд

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

Хуульч мэргэжилтэй хотын унаган хүү 13 жилийн тэртээгээс хурдан морь сонирхож, хусуур сойж бүслэх болсон бөгөөд  Хэнтий аймгийн Мөрөн сумын гаралтай хээр азарганд Сүхбаатар, Дорнод, Төв, Сэлэнгэ аймгийн угшилтай гүүнүүдийг хураалган адуужиж эхэлсэн байна.  Харин яваандаа Хэнтийн Галшар, Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдаас  азарга, гүү авч адууныхаа цусыг сэлбэх болжээ.

Моринд хорхойтой үеийнхэн нь шинэ монгол адуу гарган авах тал дээр анхаарал хандуулж, гаднаас сайн үүлдрийн азарга гүү оруулж ирэхэд О.Отгонбаатар хоцрохыг хүссэнгүй Орос, Англи, Араб, Барга, Тува зэрэг  гадны улс орнуудаас угшил сайтай азарга, гүү авчран үржил селекцийн ажил хийх болсон байна.
Адууны босоо цагаан хийморьт сүслэн явдаг тэрээр халхын том уяачдын хүй дарсан өлгий Төв аймгийн Сэргэлэн сумын 80 жилийн ойн наадамд соёолон үрээ түрүүлгэн анхны айргаа амсаж билээ. Түүнээс хойш аймаг, сумдын наадмуудад амжилттай сайхан наадсаар өнөө жил төрийн баяр наадмаас хишиг хүртэв. Тэгэхдээ бүр тоосонд нь ороход хийморь сэргэж, бүтэн жилийн засал болдог соёолон түрүүлгэж омогшлоо. О.Отгонбаатарын морьдын уяаг МУ-ын Манлай уяач Гарамжав агсны хүү, Тод манлай уяач Г.Сандуйжавын дүү Г.Ганбат тааруулдаг бөгөөд  удам дамжсан уяач ах дүүс энэ жил тун одтой сайхан наадсан билээ. 

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна