П.Бат-Эрдэнийн Өсгий цагаан зээрд

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 22 -нд

АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд “Шунхлай” группынхэн одтой өмтэй сайхан наадсан. П.Батсайханы олноо “Гуулин” хэмээн алдаршсан зээрд азарга айргийн тавд хурдалж, дүү П.Бат-Эрдэнийх нь Өсгий цагаан зээрд морь гуравт хурдлан үхэр жилийни онгодоо хурайлсан юм. Моринд дуртай ах нараа даган хурдан хүлэгт сэтгэл татагдах болсон П.Бат-Эрдэнийн Өсгий цагаан зээрд улсынхаа их баяр наадамд гурав дахь удаагаа айрагдаж, тод магнай торгон жолоогоо өргүүлэхдээ гурвууланд гурваар давхисан сонин түүхтэй адуу. “Тод магнай”-н “Хүлгэд” булан энэ хурдан буянгийн талаар уншигч танд танилцуулж байна.
Гурвын тоо ээлтэй адуу
Өсгий цагаан зээрд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Монгол Улсын Манлай  малчин Чүлтэмийн Баатарчулууны унаган адуу. 2001 оны өвөл П.Батсайхан ан хийж яваад Ч.Баатарчулуунтай танилцан адуу авахаар ярилцаж, сумандаа хэд хэдэн удаа айрагдсан хурдан хээр азарганых нь төл бэлэвсэн зээрд гүүг зээрд унаганых нь хамт авчээ. Тэрхүү унага нь одоогийн Өсгий цагаан зээрд морь.
Өвөл нь эхтэй нь тэжээгээд зун дааганд нь уралдуулахад Эрдэнэсант сумын наадамд түрүүлж, харин улсын наадамд 20 гаргаж давхижээ. Мөн тэр жилээ Багануурт болсон хэд хэдэн уралдаанд зургаалж байсан гэдэг. Дараа жил нь шүдлэндээ улсын баяр наадамд арав гаргаж давхисан бол хязаалан, соёолондоо улсын баяр наадамд гуравт хурдалсан энэ цагийн эрхгүй хурдан буянгуудын нэг. Өсгий цагаан зээрд улсын наадмын гурван айргаас гадна бүсийн наадамд буюу Хэнтий аймагт зохиогдсон Сэцэн хааны хурд бүсийн наадамд мөн л айрагдаж байжээ. Улс бүсийн наадамд айрагдахдаа яагаад ч юм дандаа гуравт хурдалдаг зэргээс нь “гуравын тоонд ээлтэй адуу” гэх болжээ.
Удмаас өөр нууц
Өнгөрсөн 2009 он буюу үхэр жилд Өсгий цагаан зээрд улсын баяр наадмаас гадна Авто замын 80 жилийн ойн наадамд аман хүзүүдэж, Тод манлай уяач П.Даваахүүгийн хөдөлмөр алдрыг тэмдэглэх уралдаанд  арав гаргаж давхижээ. Тарга хүч сайтай, олон хоногийн хүнд хатуу уяатай зээрд морийг Батболд гардан уяж, Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Манлай уяач Г.Батчулуун нар зөвлөхөөр нь ажилладаг. Давхар уяанд  хурдалж мэдэх хүлгээ эзэд нь энэ жилийн улс бүсийн чанартай уралдаануудад шандасыг нь шалгахаар зэхэж байгаа гэсэн.Уядаг адуу гэхэд номхон дөлгөөн зантай Өсгий цагаан зээрдийн бас нэг онцлог нь хязаалан болтлоо эхийгээ хөхсөн ховорхон тохиол. Түүний тарга хүч, хурдны бас нэг нууц  удмаас нь гадна эхийнхээ сүүг гурван жил хөхсөнийх нь хэмээн тайлбарлах нь бий.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна