Ойрхон ухаан алдлаа, сайн морь байна

Санжаадорж
2013 оны 1-р сарын 22 -нд

1937 оны зун Галшар сумын наадмын их насны морь мордуулсан уяачид хөтөл дээр морьдоо тосон дурандаад сууцгааж байхад их насны түрүүч хөтөлийн ар өөд гараад иржээ. Энд Хардэл бэйсийн Сүрэнхоролын улаан, Орлойн “хув” Дагвын 7 настай шөвгөр хүрэн, Дэндэв тайжийн ууц хүрэн, Адилбишийн хээр /улсад аман хүзүүдсэн/ энэ дөрвөн морь хол тасархай хурдалж байв. Уяачид мордоцгоон зам дөхөх зуур Хардэл бэйсийн Сүрэнхорол “хув ” Дагвад чиний шөвгөр хүрэн эд нартай гараад ирдэг сайн морь юмдаа гэхэд “хув” Дагва:

-Би хүрэн морио гаргалаа  гэж байна гэнэ.

Сүрэнхорол : Чи болохгүй тавгүй болно шүү гэснээ, чаддаг юм бол гарга л даа...гэж яваан дундаа хорыг нь малтах нь тэр. Энэ хооронд морьд ч нүжигнээд л ирлээ гэнэ. Улаан торгон дээлтэй махийсан хүрэн гүүтэй “хув” Дагва тас ороолгон ухасхийж: гаргаж бай? ... гэж хашгиран сугалж аваад явлаа гэнэ. Сүрэнхорол нөгөө морьдыг нь тосч зэрэгцэн очиж “хув” Дагвын шөвгөр хүрэнг заан: 

-Та нар наад муугийнхаа хойноос ороолгоод хүргэж бай, алдаж болохгүй шүү гэж хашгираад морь нь хүрэхгүй хөлөө давчаад хоцорчээ.  Гурван хүүхэд тас ороолгон хөдөлгөж тоос манарсан юмнууд л хөтлийн уруу шөвгөр хүрнийг нөмөрч очоод дундаа хийгээд алга болж гэнэ. Шөвгөр хүрэн дэрст  довноос зүүн тийш замаас гаран хадуурч давхихаар нь хүмүүс эргүүлэн оруулаад долоод оржээ. /Дэрст дов нь барианаас 1 км орчим газар/ Энэ наадамд Сүрэнхоролын улаан түрүүлж, Дэндэв тайжийн ууц хүрэн удаалж, Адилбишийн хээр гуравт орсон байна.

”Хув” Дагва Х.Сүрэнхорол дээр ирж: -шөвгөр хүрнээ сэв суулгачихав уу, яагаа бол гэсэн чинь

Х. Сүрэнхорол: ойрхон ирж ухаан алдлаа,сайн морь байна. Гайгүй байх.Чи өвчигнөөгүй бол айрагдчих байлаа гэсэн гэдэг.

Үнэхээр л өвчигнөхгүй болсон цагтаа гайгүй  хурдлуулж эхэлдэг юм гэсэн шүү.                      

Намсрайцэрэнгийн Санжаадорж

2013.01.18.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна