"Зоос" борын халаа дүү бор

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 17 -нд

Зоос бор хэмээх хурдан хүлгийг морь сонирхогчид андахгүй. Тэгвэл Ардын хувьсгалын 91 жилийн эрлийз дээд насанд айргийн гуравт хурдалсан бор үрээг Батбаяр Алдарт дүү бор хэмээн нэрийддэг. Төрийн наадмын түрүү “Зоос” бор Сүхбаатар зүгийн адуу бол зүс ижил дүү бор нь Дорнод зүгийн угшилтай. Бор үрээ гурав дахь үеийн эрлийз бөгөөд өвөг эцэг нь цэвэр цусны Араб азарга, Монгол гүүний дундаас төрсөн нэгдүгээр үеийн эрлийз ажээ. Бор үрээг Алдартын нутгийн дүү “МТТ”-ын Тэрбиш “Зоос” борын түрүүг мялаан бэлэглэж байжээ. Түрүү соёолонгийн хишиг бор үрээгээ Батбаяр уяач хайртай зээдээ зүслэн өгсөн анхны жилээ ийнхүү төрийн наадмын айраг хүртсэнд ихэд баяртай байгаагаа дуулгана билээ. АХ-ын 89 жилийн баяр наадамд айргийн дөрөвт, өнгөрсөн жилийн төрийн наадамд дөрөвт хурдалсан хурдан ажнай ийнхүү амжилтаа бататгасан нь энэ байлаа. Дүү бор 2011 оны Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлж, “Буган халиун” цомыг хүртээд байхтай зэрэгцэн “Зоос бор” нь их насны уралдаанд түрүүлж уясан эзнээ баярлуулж байв.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна