Богдын жороо

Эрдэнэхуяг
2013 оны 1-р сарын 10 -нд

“Богдын жороо” гэдэг хүн Богд Жавзандамба хутагтын дэргэд гүйх албанд зүтгэж байжээ. Богдын жороо нь их Богд эзнийг хаана залран явна, тэр газрын замд эзэн хааны заларч яваа жууз тэрэгний өмнө шогшин жороолж гүйж явна.
Үнэн чанартаа Богдыг нэг талаар зугаацуулж яваа боловч нөгөө талаар хүн ардыг цугларуулан сонирхуулж улмаар Богд эзний зүгт сүсэглэн бишрүүлж байх гэсэн бодлого байсан гэдэг.
Богдын жороо, гүйх болгондоо хөнгөн маягийн шаахай, богино ханцуйтай цамц өмссөн байх нь шашны баяр ёслолын үед хааяа үзэгддэг байжээ. Ихэнхдээ хөл нүцгэн дээлийнхээ хормойг шууж гүйн явдаг байсан гэж ярилцдаг. Тэр үед Богд эзнийг ордноос залран явах замд Хүрээний ардууд Богдын жороог үзэх гэж олноор цуглардаг байжээ.
Богдын жороог нэг биш удаа үзэж сонирхсон настангуудын ярилцахыг сонсвол: Автономит үед билээ. Их эзэн Богд Хайстын ордноос /одоогийн голын музей/ Шар орд /одоогийн 6 дугаар артель буюу пионерийн орд/ хүртэл өдөртөө тогтмол хоёр удаа заларч очиход гүйдэг байсан юм гэдэг. Тэр үед Хайстын ордноос эзэн Богдын залрах үед гурван удаа бууны дуу гарч шар дарцаг барьсан жороо морьтой лам хүн морио жороолуулсаар гарч ирэхэд түүний хойноос үсэнд нь буурал сууж, нүдэнд нь гархи цагригласан цэгцгэр туранхай биетэй, оготор богино дээлтэй, дээлийн хормойноос жижиг хонхнууд, хадаг самбай унжиж хийссэн, өвгөн “Богдын жороо” гэдэг хурдан гүйгч, адуу мэт янцгаан, бусгасаар булгиулж тэвхцэн хөдөлгөөн хийж, жууз тэрэгний өмнө жирэлзүүлсээр гарч ирдэгсэн гэж настангууд өрөвдөн хайрлаж ярьдаг билээ. Эхэ хүн 50 гаруй настай амьдралын ихэнх насыг ингэж өнгөрөөсөн Засагт хаан аймгийн /одоогийн Завхан аймгийн/ суурин жасааны Лосол гэдэг хүн юм байна. Лосол засагт хаан аймагт, явган гүйгч, аймгийн зарлагын албанаа зүтгэж байгаад Богдын тааллаар Хүрээнд ирж Богдын албанд зүтгэсээр “Богдын жороо” гэдэг энэхүү нэр алдрыг олсон хүн байжээ.
9. Партизан Б.Аюушжавын дуртгалд “Санж гүн, Хатанбаатарын цэрэгт хошуунаас 100 морь, аминаас 20 морь тусалсан, Улаангомын хүрээг хамгаалуулахаар Хатанбаатар 50 цэрэг дагуулан очиход лам нар бүрээ үлээж, сан тавьж угтав. Хурлын сангаас, жороо цэнхэр бор морь, хүрэн ат хоёроор Хатанбаатарт бэлэг барьсныг би хөтөлж ирсэн юм гэжээ.
Хатанбаатар Магсаржав олон удаагийн дайн тулалдаан бүхий дайчин амьдралдаа шар хээр, хээр халзан, толин сартай ухаа цавьдар, орос үүдрийн зээрд томск, өндөр улаан, жороо цэнхэр бор, цайвар хүрэн, цагаан бор, цагаан, хар зүсний олон сайхан морьдыг эдэлж явсан гэдэг.
9. Жанжин Сүхбаатарт ард  иргэдээс өгсөн морьдын тухай түүний хөтөч нарын дурссанаар 5 морийг илүү хайрлаж, чухал ажил албанд сэлгэн унадаг байсныг тодруулбал:
1. Харуулын занги Дамдинсүрэнгийн ухаа хонгор
2. Ш. Өвгөнхүүгийн цайвар амтай халтар 
3. Данзан ламын улаан буурал
4. Сургуультай шарга морь
5. Баяр гүнээс авсан дэлтэй “жороо хүрэн морь” аж
11. Хурдан морьдыг уралдааны замд бүтэн /алаг биш/ зүсмийн удган хатиртай эсвэл жороо морь унасан жанжин малгай, үндэсний хувцастай хүн төрийн далбаа бүхий туг барин асрыг гурав тойрч гаргаж өгдөг байна.
12. Халхын Зая Бандида хутагтын YI дүр Жамбацэрэн жороо сайвар моринд дуртай хүн ажээ. Тэрээр 20-иод оны дундуур Цэцэрлэгмандал уулын аймгийн Эрдэнэбулган хошууны засаг дарга Жамьянсүрэнгийн намар цагаар зочлохдоо гэрийн эзний хэдэн сайхан морийг унаж үзээд арилжаа, сайвар гурван хулыг нь ихэд таалж аль нэгийн наймаалахыг хүсчээ. Хошуу дарга залуу сайвар морио өргөн барихад Хутагт гүнээ талархаад өөрийн унаж явсан хатиртай галбир сайт хурдан бор морийг хариу барьжээ. Хожим тэр бор мориор чоно хөөхөд гүйцэж байсан гэдэг. Зуугийн сор залах шашин номын их мөрөгөлийн баяр жил бүрийн зуны сүүл сарын хорин ёсонд болдог байж. Зая гэгээн 1927 оны Эрдэнэзуугийн сорд оролцож, мөргөл үйлдээд гэргий улаан Долгорсүрэнгийн хамт ижил жороо хээр морь унан солонгорох үйтэн хуар дээлтэй явжээ. Энэ нь түүний сүүлчийн уулзалт байсан агаад, Зая гэгээн 1930 онд хилсээр цаазлагдсан байдаг.
13.Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан сумын ах дүү Г.Сайннямбуу, Г.Жанчивсэнгээ нар 1943 онд фронтод хоёр удаа морь өгчээ. Зун нь 42 морь өгсний дотор зүс нийлсэн 12 цоохор морь бэлэглэж, өвөл нь 40 морь өгөхдөө сумын наадамд түрүүлж байсан жороо зээрд морио оруулсан байна.
14. Жараад оны үед, одоогийн Улсын циркийн хойд замаар сайвар хээр морийг тэргэнд хөллөсөн явахыг хараад, хотод нүүж ирээд удаагүй  байгаа Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул “Хөлийхний” Д.Лхамзав гуай явж очин:
-Ийм сайхан амьтныг тэргэнд эдэлдэг яасан Монголоо алдсан хүн бэ? Гэх зэргээр морины эзэнтэй маргалдан муудалцсаны эцэст эвлэрч Лхамзав гуай сайвар хээр морийг 300 төгрөгөөр худалдан авч, нутгийн хүнээр Онгон сум руугаа явуулж байжээ. Энэ нь зөвхөн морины наймаагаар тогтсон хэдий ч малаа танин эдлэж чаддаг малчин Монгол хүний сэтгэл шингэсэн нэгэн түүх юм.
15. Ардын Хувьсгалын 77 жилийн ойн Баяр наадмаар Төв цэнгэлдэхэд наадмын нээлтийн ёслолд Монгол жороо морь нийгэмлэгийн санаачилгаар арав гаруй жороо морьтонг тойрог замаар явуулахад наадамчин олон ихэд баясан талархаж байлаа.

Д.Эрдэнэхуяг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна