“Арвагар хээр”-ийн удирдлагууд өөрчлөгджээ

Тэлмэн
2012 оны 12-р сарын 28 -нд

Дөрвөн жил тутамд хуралддаг “Арвагар хээр” холбооны ээлжит гуравдугаар их хурал энэ сарын  23 нд боллоо. Энэ удаагийн хуралд тус аймгийн 19 сумдын 150 гаруй төлөөлөгч урилгаар оролцож, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн болон ирэх дөрвөн жилд хийж гүйцэтгэх  ажлынхаа талаар зөвлөлдсөн байна.
Тус холбоо ирэх дөрвөн жилд салбар холбоодоо бэхжүүлэх зорилтыг дэвшүүлэхийн зэрэгцээ  удирдлага зохион байгуулалтын шинэчлэлтийг  хийжээ. Өөрөөр хэлбэл тус холбооны удирдлагын баг нэлээд өөрчлөгдсөн байна. Өмнө нь нэг тэргүүн, хоёр дэд тэргүүнтэй байсан “Аравгар хээр” шинэ бүтэц зохион байгуулалтаар Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, тэргүүлэгчид гэсэн босоо удирдлагатай байх бөгөөд дэд Ерөнхийлөгчөөр гурван хүн ажиллах аж.
Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар хуучин тэргүүн, Бүрд сумын уугуул, МУ-н Манлай уяач Т.Энхбат Ерөнхийлөгчөөр,  тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр “Заабар” ХХК-ийн захирал, Хархорин сумын уугуул З.Батбаяр, дэд Ерөнхийлөгчөөр Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даргиагийн Давааноров, Уянга сумын уугуул, аймгийн Алдарт Баатарын Даваадорж, Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрсэнгийн Ганболд нар тус тус сонгогджээ. Харин гүйцэтгэх захирлаар Ю.Үнэнбүрэнг улираан сонгож, тэргүүлэгчдийн тоог 44 –өөс 29 болгож бууруулсан байна. Бүтэц зохион байгуулалтын тухайд хийсэн өөр нэгэн өөрчлөлт бол тус холбоо дэргэдээ ажлын албатай болж буй бөгөөд үүсгэн байгуулагчдын нэг Бүрд сумын уяачдын холбооны тэргүүн Пэрэнлэйбазар томилогджээ.
Их хурлын үеэр шийдэгдсэн өөр нэгэн асуудал холбооны хөрөнгө санхүүг бэхжүүлэх тухай байсан бөгөөд Ерөнхийлөгч нь дөрвөн жилийн хугацаанд 20 сая, тэргүүн дэд Ерөнхийлөгч нь 15 сая, дэд Ерөнхийлөгчид тус бүр 10 сая харин тэргүүлэгчид нь жил бүр нэг сая  төгрөгийн татвар төлөхөөр тогтсон байна. Энэхүү санхүүжилтийг сумдын салбар холбоодоо бэхжүүлэхэд зарцуулахаас гадна “Арвагар хээр” холбооны байнгын ажилчин гүйцэтгэх захирал, нягтлан, харуул, ажлын албыг цалинжуулахаар болсон аж.
Ийнхүү бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийсэн Арвагар хээрчүүд хурлынхаа дараа шинэ жилийн цэнгүүнээ хийж, нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрөөжээ. Дашрамд сонирхуулахад энэ жилийн уяачдын цэнгүүнийг Төгрөг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батдорж ахлагчтай “Хонгорын хурд” галынхан зохион байгуулсан бол ирэх жилийнхийг Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ганбаатар ахлагчтай “Хийморийн хүлэг” галынхан зохион байгуулахаар болсон гэнэ.

А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна