Жороо халтар азарга

Эрдэнэхуяг
2012 оны 12-р сарын 26 -нд

Засагт Хан аймгийн дайчин вангийн хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Цээл сумын Тайж Данаажавийн адуунаас, энэ зууны арваад оны орчим хавар хулжсан хээр, хул зүсмийн хоёр байдас хойтон жил нь хулангийн азаргатай бэлчиж байхыг анчид харсан гэдэг. Ийм мэдээ сонссон Данаажав нутгийн залуусыг дайчлан хөөцөлдөн байж хоёр байдсыг бугуйлдан барихад хээр байдас нь унагалах дөхсөн байж. Хулангийн азарга хэд хэдэн шөнө эргэлдэж байгаад буу тавьснаас хойш үзэгдэхээ больжээ. Хоёр байдсыг тогтоохын тулд аргамжихад дасахгүй савж унан байсан аж. Удалгүй хээр байдаснаас халтар зүсмийн эр унага төржээ.
 Халтар унага томрох тусмаа явдал орж, сулдаа жороолдог азарга болжээ. Түүний онцлог шинж гэвэл дэл сүүл шингэн, цээж мундаа өндөр, их биерхүү цэвэрхэн, үргэлж салхи сөрж уулын орой харж зогсдог байсан гэнэ. Халтар азарга нас нийлэх үедээ нутгийн алдартай жороо морьдыг гаргалгүй жороолдогоороо алдаршиж байжээ. Тэрээр маш цөөхөн тооны гүү хураадаг, морь хасдаггүй агаад Данаажав гуйад гараар баригддаг байв. Хожим тэрбээр Данаажав тайжийг орсон буурны дайралтаас хөлийн хурдаар авч гарч, амийг нь аварсан гэнэ.

Д.Эрдэнэхуяг


 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 27.123.212.139

    Миний өвөө. Өвөөгийнхөө тухай шинэ мэдээлэл авсандаа маш их баяртай байна. Баярлалаа

    Reply